Спорт бол хүний эрүүл мэнд, дархлааг дэмжих, сэтгэл санааг сэргээх хамгийн үр дүнтэй арга. Гэвч зарим нэгэн зоригтнууд илүү хүчтэй мэдрэмж, амь өрссөн сэтгэл хөдлөлийг хайж, хамгийн аюултай, амь насны эрсдэлтэй спортын төрөлд дурлан тэмүүлдэг. Ингээд дэлхий дахинд хамгийн аюултайд тооцогддог таван экстрем спортын талаар танилцуулж байна.
1. Free Solo Climbing – Бэхэлгээгүй уулын авиралт
Хамгийн өндөр эрсдэлтэй энэ спорт нь хамгаалалтын ямар ч хэрэгсэлгүйгээр эгц хад руу авирдаг төрөл юм. Биеийн хүч тэнхээ, мэргэжлийн техникээс гадна сэтгэлзүйн хатуужил зайлшгүй шаардлагатай. Статистикийн үзүүлэлтээр энэхүү төрлөөр авиралт хийж буй 23 хүн тутмын нэг нь амь насаа алддаг байна.
2. BASE Jumping – Асар өндөрөөс парашюттай үсрэлт
Байшин, антена, гүүр, уулын оройд гарч, тэндээс парашюттай үсрэх энэ спорт 1981 оноос хойш нийт 480 хүний амь насанд хүрсэн хэмээн бүртгэгдсэн. Цаг агаар, тоног төхөөрөмжийн эвдрэл зэрэг олон эрсдэлүүдийн улмаас 30 үсрэлт тутмын нэг нь үхлээр төгсдөг гэж дүгнэгдсэн байдаг.
3. Wingsuit Flying – Шувууны далавчтай нислэг
BASE Jump-ийн дэд төрөл болох энэ спортоор оролцогчид онцгой хийцтэй нислэгийн хувцас өмсөн, агаарт жигүүртэй мэт нисдэг. Хэт хурд, газарзүйн байршил, цаг агаарын гэнэтийн өөрчлөлтөөс үүдэн амь насны эрсдэл өндөр бөгөөд 1000 удаагийн нислэг тутмаас нэг нь амь нас хохирдог аж.
4. Cave Diving – Гүн усны агуйн шумбалтын спорт
Энэ спорт нь хүчилтөрөгчийн баллоны тусламжтайгаар далайн ёроолд байрлах агуй руу гүн шумбах үйл ажиллагаа юм. Үзэгдэх орчин хязгаарлагдмал, өндөр даралт, тоног төхөөрөмжийн гэмтэл зэргээс шалтгаалан амь насанд хүрэх эрсдэл өндөртэй. Бүртгэгдсэн ослуудын 90 хувь нь тоноглолын саатлаас үүдэлтэй байдаг.
5. Big-Wave Surfing – Аврага давалгаан дундах сэлэлт
6-30 метр өндөр далайн давалгаан дээр тавцан ашиглан гулгах энэ спорт байгалийн хамгийн аюултай орчинд явагддаг. Давалгаанд даруулах, хад мөргөх, цохилтод өртөх, бүр цаашилбал аварга загасны довтолгоонд өртөх аюул ч бий. Гэхдээ аврагчдын шуурхай тусламжтайгаар амьд үлдсэн тохиолдол элбэг байдаг.
Эдгээр спортууд хүний эр зориг, тэвчээр, адреналин хайх хүслийг илэрхийлдэг хэдий ч, маш нарийн бэлтгэл, ур чадвар, аюулгүй байдлыг чанд баримтлах шаардлагатай гэдгийг мартаж болохгүй.