2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулж эхэлжээ.
Өвчлөл өндөр байгаа насны бүлэгт урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхлэв
Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ) болон Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс мэдээлснээр энэ насны бүлэгт өвчлөл хамгийн өндөр байгаа тул урьдчилан сэргийлэх зорилгоор нэмэлт дархлаажуулалт хийхээр болсон байна. Өнгөрсөн оны эхээр Монгол Улсад улаанбурхан өвчний тохиолдол зөөвөрлөгдөн бүртгэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл 14,075 тохиолдол батлагдаж, нас баралт 12 хүрсэн гэжээ.
Батлагдсан тохиолдлуудын 5,192 нь 10–14 насныхан байгаа нь нэмэлт дархлаажуулалтын зорилтот бүлгийг тодорхойлох үндэслэл болж байна.
Нэмэлт дархлаажуулалтыг нэгдүгээр сарын 26-наас улс даяар эхлүүлжээ
10–15 насныхныг нэмэлтээр дархлаажуулах ажлыг өнгөрсөн сарын 26-наас улс даяар эхлүүлсэн гэж мэдээлэв. Энэ талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма “КОВИД-19 цар тахлын дараах жилүүдэд улс орнуудад улаанбурхан өвчин тохиолдлын тоо эрс нэмэгдсэн. 170 гаруй улсад улаанбурханы өвчлөл бүртгэгдээд байгаа. Өвчлөл өндөр байгаа орнууд 2025-2026 онд 30 гаруй оронд улаанбурхан, улаануудын вакцинаар нэмэлт дархлаажуулалтыг энэ халдварт өртөж байгаа насныхан бүлгийнхэнд урьдчилан сэргийлэхээр хийж байна.
Манай улс нэгдүгээр сарын 26-наас эхлэн сургуульд суурилсан дархлаажуулалтын түр цэгүүдээр зохион байгуулж байгаа бөгөөд хэрэв сургууль дээрээ дархлаажуулалтад хамрагдаж чадаагүй хоцорсон бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хийлгэх боломжтой.
Одоогоор 80,000 гаруй хүүхэд улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамрагдаад байна. Дархлаажуулалтыг богино хугацаанд өндөр хамралттайгаар зохион байгуулах нь дараагийн дэгдэлтүүдээс урьдчилан сэргийлэх өвөрмөц арга хэмжээний нэг болдог” гэлээ.






