Олон улсын хөл бөмбөгийн холбоо (FIFA) өнөөдөр мэдэгдэл гаргаж, 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тасалбарын албан ёсны худалдаа 2025 оны есдүгээр сарын 10-наас эхэлнэ гэдгийг зарлалаа. Үүнтэй зэрэгцэн тус өдөр тасалбарын сугалаанд оролцох бүртгэлийн эхний шат нээгдэх юм.
FIFA нь тасалбарын борлуулалтыг хэд хэдэн үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд 2026 оны долдугаар сарын 19-нд Нью-Йорк хотноо болох финалын тоглолт хүртэл тасралтгүй үргэлжлэх юм. Борлуулалтын шат бүрт худалдан авах нөхцөл, төлбөрийн боломжууд өөрчлөгдөх тул холбооноос шат тутмын дэлгэрэнгүй мэдээллийг цаг тухайд нь нийтлэхээ амласан байна.
Тасалбар худалдан авахыг хүсэгчдэд зориулан FIFA-гийн албан ёсны вэбсайтаар дамжуулан урьдчилан бүртгүүлж, хувийн ID үүсгэхийг зөвлөж байна. Энэ нь хэрэглэгчдэд тасалбарын сугалааны бүртгэл, худалдааны үе шат болон бусад мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах боломж олгоно.
FIFA-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино:
“Энэ бол түүхэн дэх хамгийн том спортын үйл явдал байх болно. Бид дэлхийн өнцөг булан бүрээс хөгжөөн дэмжигчдээ суудалдаа сууж, түүхийн нэг хэсэг болохыг урьж байна” гэж мэдэгдлээ.
2026 оны ДАШТ нь хөл бөмбөгийн түүхэнд хамгийн олон орныг хамарсан, хамгийн өргөн цар хүрээтэй тэмцээн байх төлөвтэй. Энэхүү 23 дахь удаагийн ДАШТ-д 48 улсын шигшээ баг оролцох бөгөөд Канад, АНУ, Мексик улсуудад нийт 104 тоглолт явагдана. Түүнчлэн 6.5 сая гаруй хөгжөөн дэмжигч тэмцээнийг газар дээрээс нь үзэх тооцоо гарсан байна.
Үнэхээр догь! Хөлбөмбөг сонирхогчдын хувьд хүлээж байсан мөч шүү
Канад, АНУ, Мексик гурвын аль нь очиход амар бол?