Вашингтонд Азийн зааны эм тугал төрж, 25 жилийн завсарлага тасарлаа
АНУ-ын Вашингтон хот дахь Смитсонианы Үндэсний амьтны хүрээлэн, Хамгаалалтын Биологийн Хүрээлэн (NZCBI)-д Азийн зааны эм тугал мэндэлсэн тухай мэдээллээ. Амьтны хүрээлэнгийн мэдэгдэлд зааснаар тугал даваа гарагийн өглөө орон нутгийн цагаар 01:15 цагт төрсөн байна. Эх Нхи Линь 12 настай, эцэг Спайк 44 настай бөгөөд тус хүрээлэнд Азийн зааны сүрэгт шинэ гишүүн нэмэгдээгүй бүтэн 25 жил өнгөрснийг онцолжээ.
Шинэ төрсөн тугалд хийсэн анхны эмнэлгийн үзлэгээр биеийн байдал нь эрүүл, сэргэлэн, нүд нь гялалзсан, 308 фунт буюу ойролцоогоор 140 кг жинтэй, 98 см өндөртэй гэж тэмдэглэсэн байна. Тус амьтны хүрээлэнд одоогоор нас бие гүйцсэн зургаан Азийн заан байдаг аж. Азийн заан нь устах аюулд орсон зүйлд тооцогддог бөгөөд тээлт нь дунджаар 18–22 сар үргэлжилдэг. Нхи Линь тугалаа 21 сар тээн төрүүлсэн нь түүний анхны үр бол эцэг Спайк өмнө нь бусад амьтны хүрээлэнд гурван тугалын эцэг болсон ч харамсалтай нь тэдний хэн нь ч амьд үлдээгүй гэж мэдээлжээ.
“Нхи Линь болон Спайк нарын ген, тэдний тугалаар дамжин Хойд Америк болон дэлхий даяарх Азийн зааны популяцийн генетикийн олон янз байдлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна” гэдгийг Смитсонианы Үндэсний амьтны хүрээлэн мэдэгдэлд онцолжээ.
Тугал нэг сар дасан зохицоод үзмэрт гарна, нэрийг нь санал асуулгаар шийднэ
Тугал ойролцоогоор нэг сарын хугацаанд эхтэйгээ, сүргийн бусад гишүүд болон асрагчидтайгаа олон нийтийн нүднээс хол дасан зохицож, холбоо тогтоох үе шатыг давсны дараа л үзмэрт гарах аж. “Азийн заанууд бол ухаалаг, эмзэг, нийгэмшсэн амьтад тул ийм холбоо тогтоох нь тугалын хөгжлийн хувьд маш чухал” гэж хүрээлэнгийн зүгээс тайлбарласан байна.
Асрагчид тугал тайван, дөлгөөн зан ааштай эцэг Спайкийг дуурайх уу, эсвэл сэргэлэн, сахилгагүй эх Нхи Линь шиг болох уу гэдгийг ажиглаж байгаа гэжээ. Үүнтэй зэрэгцэн олны анхаарлыг татаж буй өөр нэг асуудал нь тугалд өгөх нэр байна. Смитсонианы Үндэсний амьтны хүрээлэн олон нийтийг нэр сонгох санал асуулгад оролцохыг урьж, асрагчдын баг эх Нхи Линийн вьетнам гаралтай нэртэй уялдсан дөрвөн хувилбар дэвшүүлсэн байна. Сонголтууд нь Линь Май буюу “сүнслэг цэцэг”, Тхао Ньи буюу “зөөлөн, хайрлагдсан”, Тү Ань нэрийн хувьд Тү нь “авьяастай”, Ань нь “гэгээлэг, ухаалаг” гэсэн утгатай, мөн өвлийн улиралд төрснийг бэлгэдсэн Түет буюу “цас” гэсэн нэрүүд бөгөөд санал асуулга 2-р сарын 13-нд хаагдана гэж мэдээлжээ.






Маш гоё мэдээ байна