Нийслэлийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанд нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газрыг байгуулсан байна.
Тоноглол, хэрэгслийг шинэ нэгжид гардууллаа
Өнөөдөр тус газарт сүүлийн үеийн технологиор тоноглосон замын хөдөлгөөнийг бүрэн хянах боломжтой авто машин, цахилгаан дугуй, техник тоног төхөөрөмж, мөн алба хаагчийн аюулгүй байдлыг хангах, илэрсэн зөрчил дутагдлыг баримтжуулахад ашиглах энгэрийн камер, тусгай хэрэгслүүдийг хүлээлгэн өглөө. Энэ хүрээнд НИТХ-ын дарга А.Баяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газарт ажилласан байна.
360 камерын системтэй авто машин шууд дамжуулалттай
Эдгээр тусгай техник хэрэгслийг нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газрын алба хаагчид чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлөх, мотоцикл, мопед, сурроны хөдөлгөөнд хяналт тавих, мөн шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар хяналт тавьж ажиллахдаа ашиглах боломжтой гэж мэдээллээ. Тодруулбал, өнөөдөр гардуулсан авто машин нь 360 камерын системтэй бөгөөд зам тээврийн осол, хэв журмын зөрчлийн мэдээлэл камерын хяналтын нэгдсэн төв болон холбогдох албанд шууд дамжуулагдах аж.
Хотын даргын байр суурь: хяналт нь тагналт биш
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “НИТХ болон НЗДТГ-аас замын хөдөлгөөний соёлыг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор 319 цагдаагийн алба хаагчдын бүрэлдэхүүнтэй шинэ нэгж байгуулсан. Энэ байгууллага замын хөдөлгөөнд оролцогчдод зориулж хөдөлгөөнт эргүүл хийнэ. Өнөөдөр анхны техник хэрэгслээ хүлээн авч байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. Энэ нь амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгохын төлөө хийгдэж байгаа ажил. Түүнээс биш хэн нэг хүнийг мөрдөх, тагнах ажил биш гэдгийг хэлье. Мөн та бүхэн замын хөдөлгөөндөө соёлтой оролцож, дүрмээрээ зорчвол замын хөдөлгөөний хурд нэмэгдэнэ. Та бүхэн хэн нэгний эрх, эрх чөлөөнд халдахгүй байхад л нийтээрээ амар тайван, аюулгүй амьдрах орчин нөхцөл бүрдэнэ. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 2028 он гэхэд 40 хувиар бууруулна” гэдгийг онцоллоо.





