Монголд 2027 оноос жил бүр зуны цагт шилждэг болох санал гаргажээ

УИХ-ын гишүүн Г.Хосбаяр “Зуны цагийн тооллыг жил бүр хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл санаачлан боловсруулж, d.parliament.mn сайтаар иргэдээс санал авч эхэлжээ.

Төсөл батлагдвал Монгол Улс 2027 оноос эхлэн жил бүрийн зуны улиралд цагийн тооллоо нэг цагаар урагшлуулж, намар стандарт цагтаа буцдаг тогтолцоонд шилжих юм.

Гуравдугаар сард нэг цаг урагшлуулж, есдүгээр сард буцаана

Төслийн дагуу жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02:00 цагт цагийг нэг цагаар урагшлуулахаар тусгажээ.

Харин есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 00:00 цагт цагийг нэг цагаар буцааж, стандарт цагийн тоололд шилжихээр төлөвлөсөн байна.

Цаг өөрчлөгдсөн ч байгууллагуудын ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөх аж.

Мөн тээврийн хуваарь, мэдээллийн систем, ажлын цагийн бүртгэл, цалин хөлсний тооцоо болон эрүүл мэндийн зөвлөмжийг шинэ цагийн тоололтой уялдуулах ажлыг Засгийн газарт хариуцуулахаар төсөлд тусгажээ.

Анх удаа зуны цагт шилжихээс хамгийн багадаа 60 хоногийн өмнө олон нийтэд мэдээлэх бөгөөд цаашид цагийн тоолол өөрчлөгдөх бүрд урьдчилан сануулж байх юм байна.

Гэрэлтэй цагийг илүү ашиглана гэж төсөл санаачлагч үзжээ

Тогтоолын төслийг санаачлагчийн тайлбарласнаар зуны цагийн хуваарь хэрэгжсэнээр ажлын дараах гэрэлтэй цаг нэмэгдэж, иргэд үүнийг гэр бүл, хүүхэд, спорт, амралт болон хувийн аж ахуйдаа ашиглах боломжтой болно гэж үзжээ.

Үүнээс гадна худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлал, соёл, амралтын салбарын үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлж, байгалийн гэрлийг илүү удаан ашигласнаар гэрэлтүүлгийн цахилгаан хэрэглээг бууруулах боломжтой гэж төсөлд тайлбарласан байна.

Одоогоор уг санал нь тогтоолын төслийн шатанд байгаа бөгөөд d.parliament.mn цахим хуудсаар иргэдийн саналыг авч байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу