Монгол Улсын Гавьяат тамирчин, 3х3 эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ багийн тоглогч Нямжавын Нандинхүсэл АНУ-ын оюутны сагсан бөмбөгийн шинэ улирлын эхний тоглолтоо амжилттай эхлүүлжээ.
Энэ улирлаас NCAA-ийн нэгдүгээр дивизионд багтдаг Tennessee State их сургуулийн “Lady Tigers” багт тоглож буй тэрбээр улирлын нээлтийн тоглолтод гарааны бүрэлдэхүүнд багтсан байна.
“Lady Tigers” өрсөлдөгчөө 49 онооны зөрүүтэй хожив
Tennessee State Lady Tigers улирлын эхний тоглолтоо өөрийн талбайд Toccoa Falls Eagles-ийн эсрэг хийжээ.
Талбайн эзэд эхний мөчөөс тоглолтын санаачилгыг гартаа авч, давуу байдлаа тоглолтын төгсгөл хүртэл хадгалсан байна. Улмаар Lady Tigers өрсөлдөгчөө 95:46 харьцаатай буюу 49 онооны зөрүүтэй буулган авч, улирлаа ялалтаар эхлүүлэв.
Н.Нандинхүсэл нийт 17 минут талбайд тоглож:
- 9 оноо
- 7 самбараас бөмбөг авалт
гэсэн үзүүлэлттэй тоглолтоо дуусгажээ.
Түүний багаас Сома Камара 24 оноогоор хамгийн өндөр оноо авсан бол сэлгээнээс талбайд гарсан ЛаКлара Александер 12 оноо, 11 самбараас бөмбөг авалт хийж, дабл-дабл бүртгүүлсэн байна.
Дараагийн тоглолтоо William & Mary Tribe-ийн талбайд хийнэ
Tennessee State Lady Tigers дараагийн тоглолтоо орон нутгийн цагаар арваннэгдүгээр сарын 6-нд William & Mary Tribe багийн талбайд зочлон хийх хуваарьтай байна.
Н.Нандинхүсэлийн хувьд NCAA-ийн нэгдүгээр дивизион дахь шинэ улирлын эхний тоглолтоо гараанаас эхлүүлж, багийнхаа ялалтад 9 оноо, 7 самбараар хувь нэмрээ орууллаа.