Britney Spears шинэ бизнесээ олон нийтэд танилцуулж, BTiny нэртэй үнэт эдлэлийн брэндийнхээ сайтыг нээлээ. Америкийн 44 настай поп од уг төслийг сүүлийн хоёр жилийн турш хөгжүүлсэн байна.
Албан ёсны сайт арваннэгдүгээр сарын 13-ны баасан гарагт ажиллаж эхэлсэн ч бүтээгдэхүүн захиалах боломж одоогоор нээгдээгүй байгаа юм. Харин худалдан авагчид цахим шуудангаа бүртгүүлж, худалдаа эхлэх тухай мэдээллийг хамгийн түрүүнд авах боломжтой.
Сайтад зочлогсдыг дуучны нууцлаг зурвас угтана. Тэрээр жижигхэн, магадгүй бүр “өчүүхэн” зүйл нууцалж байснаа дурджээ. Үүний дэргэд байрлах “23 жилийн турш боловсруулсан” гэсэн тайлбар нь брэндийн санаа саяхан төрөөгүйг харуулж байна.
Дуучин 2024 оны арваннэгдүгээр сард өөрийн гоёл чимэглэлийн цуглуулга гаргах хүсэлтэйгээ анх хуваалцсан юм. Тухайн үед цагаан, шар алтаар урлаж, очир алмааз болон оюугаар чимэглэсэн эдлэлийн зургуудыг үзүүлжээ. Тэрээр цуглуулгаа нарийн хийц, өвөрмөц загвартай байхаар төлөвлөж байгаагаа мөн хэлсэн байна.
Брэндийг албан ёсоор бүрдүүлэх ажил дараагийн жил үргэлжилж, 2025 оны тавдугаар сард Spears-ийн төлөөлөгчид B Tiny нэрийг АНУ-ын Патент, барааны тэмдгийн албанд бүртгүүлэх хүсэлт хүргүүлжээ.
Өөрийн үнэт эдлэлийн брэндтэй болох нь түүний олон жилийн мөрөөдөл байсан аж. Spears өнгөрсөн жилийн турш нээлтэд бэлтгэх ажилд идэвхтэй оролцож, бизнесийн уулзалтууд хийхээр Нью-Йоркт зорчсон байна.
Шинэ төслөө танилцуулсан нь түүнийг согтууруулах ундаа эсвэл мансууруулах бодисын нөлөөн дор автомашин жолоодсон байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулснаас хэдэн сарын дараах үйл явдал болжээ.