Labubu-д 50 мянган доллар зарцуулсан шүтэн бишрэгч: «Хэлэхээс ч ичиж байна»

Labubu хүүхэлдэйн эрэлт хэзээ ч буурахгүй мэт санагдах үе саяхан байлаа. Хүүхдээс ахмад настан хүртэл дотор нь ямар дүр байгааг урьдчилан мэдэх боломжгүй «blind box» хайрцаг задалж, этгээд төрхтэй бяцхан мангасуудыг цуглуулж байв. Нэг хайрцагт дор хаяж 15 ам.доллар зарцуулна. Хүссэн дүр нь таарахгүй бол бусдын хэрэглэж байсан хүүхэлдэйг ч өндөр үнээр худалдаж авахад бэлэн хүмүүс олон байжээ.

Ажлаа орхиж, 400 гаруй Labubu цуглуулжээ

Энэ давлагаанд хамгийн хүчтэй автсан хүмүүсийн нэг нь Хойд Каролинад амьдардаг Encito юм. Тэрээр Labubu-гийн тухай контент бүтээхээр 2024 онд бүтэн цагийн ажлаасаа гарсан байна.

Шинэ загваруудыг нь олохын тулд Итали, Испани зэрэг улс руу аялж, цуглуулгаа тасралтгүй нэмсээр байжээ. Ийнхүү 50 мянга гаруй ам.доллар зарцуулж, 400 гаруй Labubu-тай болсон байна.

Харин одоо тэр хэр их мөнгө үрж, хэдэн хүүхэлдэй цуглуулснаа хэлэхээс ч ичдэг болсон тухайгаа ярьжээ.

Түүний сонирхол зөвхөн тоглоом худалдан авахаар хязгаарлагдаагүй аж. Төрөл бүрийн арга хэмжээнд зүүхийн тулд шүдний эмчид хандан Labubu-гийнхтай төстэй арзгар хиймэл шүд хүртэл хийлгэсэн байна.

Арван мянган үзэлт авдаг бичлэгүүдийг нь сонирхохоо больжээ

Encito-гийн Labubu-тай холбоотой контентууд эхэндээ олон үзэгч татдаг байв. Гэвч сүүлийн үед хандалт нь мэдэгдэхүйц буурчээ. Өмнө нь төвөггүй 10 мянган үзэлт авдаг байсан бичлэгүүд нь одоо үзэгчдийн анхаарлыг татахаа больсон байна.

Үүнээс шалтгаалан тэрээр контентынхоо чиглэлийг өөрчилж, Hello Kitty болон базаж тоглодог, стресс тайлах зориулалттай сквиши зэрэг бусад трэндэд анхаарлаа хандуулах болжээ.

Pop Mart-ийн борлуулалт 50 хувиар буурсан байна

Labubu-гийн дэлхий нийтийг хамарсан халуурал Pop Mart компанийг АНУ-ын тоглоомын салбарын аваргууд болох Hasbro, Mattel-аас ч илүү олны анхааралд оруулсан юм. Гэвч энэ сонирхол удаан үргэлжилсэнгүй бололтой.

Шинжээчдийн дүгнэснээр, Pop Mart богино хугацаанд хэрэглэгчдийг байлдан дагуулж чадсан ч тэдний сонирхлыг удаан хадгалах бүтээгдэхүүн бий болгож чадаагүй байна.

Тус компанийн саяхан танилцуулсан тайланд энэ оны гуравдугаар улирлын борлуулалт өмнөх оны мөн үеийнхээс 50 хувиар буурсныг дурджээ.

Эх сурвалж: BBC

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу