Венийн ордны хөгжим Улаанбаатарт эгшиглэнэ: Шёнбрунны камер чуулга анх удаа ирэх нь

Австрийн Сиси хатан хаантай холбон монголчуудын сайн мэдэх Шёнбрунн ордны камер чуулга Монголд анх удаа тоглохоор болжээ. Венийн хөгжмийн уламжлалыг төлөөлөх уран бүтээлчид арванхоёрдугаар сарын 2, 3-нд Улаанбаатарын үзэгчдэд “Венийн Гала Концерт”-оо хүргэнэ.

Моцарт, Сальери нарын өрсөлдөж байсан ордны уламжлал

Шёнбрунн ордны Оранжери танхим нь 1786 онд эзэн хаан II Иосефын хүсэлтээр Вольфганг Амадей Моцарт, Антонио Сальери нар хөгжмийн уралдаанд оролцож байсан түүхтэй.

1754 онд баригдсан энэ танхимд эзэн хааны ёслол, хүлээн авалтууд болдог байжээ. Хабсбургийн хаадын зуны өргөө байсан Шёнбрунн ордон, цэцэрлэгийн цогцолбор өдгөө ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд багтдаг юм.

1997 онд байгуулагдсан Шёнбрунн ордны найрал хөгжим 2026 онд 10 мянга дахь тоглолтоо тэмдэглэхээр төлөвлөжээ. Харин Монголд хийх энэ удаагийн айлчлалаар тус ордны камер чуулгын хөгжимчид хүрэлцэн ирэх байна.

Алдарт вальсуудыг “Түмэн Эх”-ийн уран бүтээлтэй хослуулна

“Венийн Гала Концерт”-ын хөтөлбөрт Штраусын “Үзэсгэлэнт хөх Дунай”, “Хаврын дуу хоолой”, “Өмнөд нутгийн сарнай”, Легарын “Алт ба мөнгө” вальс болон “Радецкийн марш” зэрэг алдарт бүтээл багтжээ.

Үдшийн онцлох хэсэг нь Австрийн сонгодог хөгжим, Монголын язгуур урлагийн хамтарсан үзүүлбэр байх юм. Шёнбрунн ордны камер чуулга “Түмэн Эх” чуулгатай нэг тайзнаа гарч, хоёр орны хөгжмийн өв уламжлалыг хослуулсан бүтээлүүд толилуулна.

Тасалбарын орлогоос залуу уран бүтээлчдийн сургалтыг дэмжинэ

Арга хэмжээг Монгол дахь Австрид төгсөгчдийн “Эрдэм” холбоо зохион байгуулж байна. “Хил хязгааргүй хөгжим” санаачилгын хүрээнд тасалбарын орлогын тодорхой хэсгийг Монголын залуу уран бүтээлчдэд зориулсан мэргэжлийн мастер класс сургалтад зарцуулах аж.

Тоглолтууд 2026 оны арванхоёрдугаар сарын 2, 3-нд тус бүр 19:00 цагаас Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх “Түмэн Эх Өргөө”-нд болно.

Үзэгчдийг 18:30 цагаас хүлээн авч, Австрийн уламжлалт шарсан каштан самар, дарсаар угтахаар төлөвлөжээ.

Тасалбар: ticket.mn/event/3309

Лавлах: 1900-1800

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу