Монгол Улс улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосон гэж мэдээлэв

Монгол Улс улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосныг Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) 2026 оны 11 дүгээр сарын 17-нд албан ёсоор мэдээлэв.

Халдварт өвчний тандалтын мэдээллээр улаанбурхан өвчний хамгийн сүүлийн батлагдсан тохиолдол 2026 оны 8 дугаар сарын 24-нд бүртгэгдсэн бөгөөд түүнээс хойш шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Уг үнэлгээг өнөөгийн тархвар судлалын нөхцөл байдал болон лабораторийн мэдээлэлд үндэслэн хийсэн бөгөөд шинэ нотолгоо, мэдээлэл гарсан тохиолдолд тандалтыг үргэлжлүүлж, үнэлгээг дахин хянах юм.

Эрүүл мэндийн яам, ДЭМБ-аас тодруулсан нэгэн зүйл бий: дэгдэлтийг таслан зогсоосон нь улаанбурхан өвчний эрсдэл бүрэн арилсан гэсэн үг биш.

Дэгдэлтийг хяналтад авахад дархлаажуулалт гол үүрэг гүйцэтгэсэн. Товлолт дархлаажуулалтыг эрчимжүүлж, нөхөн болон нэмэлт дархлаажуулалтын арга хэмжээг зохион байгуулснаар өмнө нь вакцинд хамрагдаагүй болон дутуу хамрагдсан хүмүүсийг дархлаажуулалтад хамруулж, дархлаажуулалтад хамрагдаагүй хүн амын тоог бууруулахад чухал хувь нэмэр оруулсан байна. Зөвлөмж болгосон вакцины хоёр тунг товлосон хугацаанд бүрэн хийлгэх нь хувь хүн болон олон нийтийг хамгаалж, өвчний хүндрэл, нас баралтаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж мэдээлэлд дурдсан.

Энэхүү амжилт нь Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, бүх түвшний эрүүл мэндийн байгууллагууд, ялангуяа анхан шатны эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, эцэг эх, асран хамгаалагчид, сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш нар, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон түнш байгууллагуудын хамтын хүчин чармайлтын үр дүн гэж үзэж байна.

ДЭМБ энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газарт дэгдэлтийн хариу арга хэмжээний зохицуулалт, дархлаажуулалтын стратеги, тандалт, эрсдэлийн үнэлгээ, тохиолдлын менежмент, халдварын хяналт, сэргийлэлт, эрсдэлийн харилцаа холбооны чиглэлээр техникийн туслалцаа, стратегийн зөвлөмж үзүүлэн ажилласан.

Эрүүл мэндийн яамны удирдлага дор хэрэгжүүлсэн дархлаажуулалтыг эрчимжүүлэх арга хэмжээний үр дүнд улаанбурхан өвчинд өртөмтгий хүн амын тоог бууруулахад чухал ахиц гарсан ч дархлаагүй хүн ам тодорхой хэмжээнд хэвээр байна. Вакцинд огт хамрагдаагүй буюу дутуу хамрагдсан хүүхэд, бусад хүн амын бүлэг халдвар авах эрсдэлтэй хэвээр байгаа гэж яамнаас мэдээлэв.

Улаанбурхан өвчин дэлхийн олон улс оронд тархсаар байгаа тул зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол бүртгэгдэх эрсдэл хэвээр байна. Ялангуяа дархлаажуулалтын хамралт хангалтгүй хүн амын дунд халдвар цааш тархаж, шинэ дэгдэлт үүсэх эрсдэлтэй гэж үзэж байна.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: “Улаанбурхан өвчин нь вакцинаар сэргийлж болох өвчин бөгөөд уг халдварын эсрэг вакциныг Монгол Улсад нэвтрүүлээд даруй 50 гаруй жил өнгөрсөн ч дэгдэлтийн үед бид уг өвчнөөр бага насны хүүхдүүдээ алдсан нь тун харамсалтай хэрэг юм” гэж мэдэгдэв.

Тэрбээр ирээдүйд ийм нөхцөл үүсэхээс урьдчилан сэргийлэх, улаанбурхан төдийгүй бусад вакцинаар сэргийлж болох өвчнийг бууруулж, таслан зогсоох чиглэлээр Засгийн газар тасралтгүй анхаарч ажиллахаа илэрхийлсэн. Мөн бүх түвшний эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд эцэг эх, асран хамгаалагч, ард иргэдэд дархлаажуулалтын ашиг тусын талаар зөв мэдлэг, мэдээлэл өгөхөд хамтран ажиллах шаардлагатай гэж тэрбээр хэлсэн.

ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте: “Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосон нь нийгмийн эрүүл мэндийн салбарт гарсан чухал амжилт юм. Дархлаажуулалт нь улаанбурхан өвчнөөс хамгаалах хамгийн хүчирхэг арга хэвээр байгаа” гэж мэдэгдэв.

Тэрбээр энэхүү дэгдэлтийг хяналтад авахад Засгийн газрын манлайлал, хөрөнгө оруулалт шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэдгийг тэмдэглэж, цаашид дархлаажуулалт болон нийгмийн эрүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Эрүүл мэндийн байгууллагууд аймаг, дүүрэг бүрд дархлаажуулалтад хамрагдаагүй хүн амыг тодорхойлж, орон нутгийн дархлаажуулалтын хамралт, тандалт болон эрсдэлийн үнэлгээний мэдээллийг тогтмол ашиглан зорилтот арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай гэж мэдээлсэн. Эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийнхээ дархлаажуулалтын мэдээллийг харьяа эрүүл мэндийн байгууллага, өрх, сумын эрүүл мэндийн төвөөс нягталж, хоцорсон тун байгаа тохиолдолд нөхөн дархлаажуулалтад хамруулахыг зөвлөж байна.

Эрүүл мэндийн яам болон ДЭМБ дархлаажуулалтын тогтолцоог бэхжүүлэх, дархлаажуулалтад хамрагдаагүй болон дутуу хамрагдсан хүн бүрд хүрч ажиллах, тархвар судлалын болон лабораторийн тандалтыг тогтвортой үргэлжлүүлэх, вакцинаар сэргийлэх боломжтой бусад өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг бэхжүүлэх арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу