Ким Жон Уны охин Европ брэндийн цанын хувцастай олны нүдэнд өртөв

Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны охин Ким Жү Э шинээр баригдаж буй цанын баазад зочлохдоо өмссөн тансаг брэндийн хувцас, хэрэгслээрээ олны анхаарлыг татжээ.

Тэрбээр Ням, Даваа гарагуудад Самжиён хотын аялал жуулчлалын бүсийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж буй эцгээ дагалдан явсан тухай Умард Солонгосын төрийн мэдээллийн агентлаг (KCNA) мэдээлж, түүний цанаар гулгаж буйг харуулсан гэрэл зургуудыг нийтэлсэн юм.

Өмнөд Солонгосын хэвлэлүүд түүний цагаан өнгийн хувцас өмсгөлийг нарийн шинжилж, ханцуй дээрх гурвалжин хэлбэртэй лого болон өвдөг орчмын “S” үсэгт үндэслэн Францын тансаг ангиллын “Rossignol”, “Salomon” брэндүүдийнх байж болзошгүй гэж дүгнэсэн байна.

Түүний барьсан цанын таяг болон цана дээр Швейцарын “Stockli” брэндийн лого байсан бөгөөд тус брэндийн цана 1,000 еврогоос дээш үнэтэй зарагддаг гэнэ.

“The Korea Herald” сонины тооцоолсноор зөвхөн хүрэм, өмднийх нь үнэ л гэхэд 2 сая вон (ойролцоогоор $1,500) хүрч байгаа гэнэ. “Rossignol” брэндийн АНУ-ын цахим хуудсанд эмэгтэйчүүдийн цанын хүрэм $280-аас $1,450-ын хооронд, “Salomon” брэндийн эмэгтэйчүүдийн цанын өмд $160-аас $700-ын хооронд үнэтэй байдаг байна.

Харьцуулж үзвэл Умард Солонгосын ажилчны дундаж цалин 100,000 вон (ойролцоогоор $110) гэж судалгааны байгууллагууд болон дүрвэгсдийн мэдээлэлд үндэслэн тооцоо гаргадаг “wage.is” цахим хуудсанд дурджээ.

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллагаас Ким Жон Уны залгамжлагч байж болзошгүй хэмээн тодорхойлсон Ким Жү Э сүүлийн үед олон нийтийн өмнө илүү их харагдах болсон. “The Chosun Daily” сонины мэдээлснээр тухайн үед түүний авга эгч Ким Ё Жон, Хөдөлмөрийн намын дэд дарга Хён Сон Вол зэрэг өндөр албан тушаалтнууд ч мөн цанаар гулгасан хэдий ч төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зөвхөн Ким Жү Эгийн цанаар гулгаж буй зургуудыг нийтэлсэн нь анхаарал татаж байна.

Тэд бүгд Самжиён нисэх буудлыг шинэчлэн өргөтгөх болон Букпотэ уулын бүс дэх цанын баазыг байгуулах ажлын явцтай танилцаж явсан Ким Жон Уны багийн бүрэлдэхүүнд багтаж байжээ. Ким Жон Ун тэнд цанын үйлчилгээний төв, зочид буудал, амралтын бүсүүд болон ажилтнуудын орон сууцны хэсгүүдийг шалгасан тухай төрийн мэдээллийн хэрэгсэл болох “Родон Синмун” сонин мэдээлсэн байна.

Ким “Хувьсгалын ариун газарт баригдсан барилга бүр, хэдийгээр жижиг хэмжээтэй байсан ч манай үндэстний өвөрмөц, дурсгалт бүтээл юм” гэж хэлээд үүнийг “дэлхийн хаана ч байхгүй хосгүй газар” хэмээн тодорхойлжээ.

Самжиён хот нь БНАСАУ-БНХАУ-ын хил орчимд, Рянган мужид байрладаг бөгөөд энэ нь Кимийг энэ долоо хоногийн Лхагва, Пүрэв гарагуудад Хятадын Шэнжэн хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад явах замдаа дайрсан байж болзошгүй гэсэн таамаглалыг төрүүлж байна.

Кимтэй дахин уулзах сонирхолтой байгаагаа удаа дараа илэрхийлсээр байгаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уг уулзалтад оролцож байгаа юм. Гэхдээ АНУ болон Өмнөд Солонгосын албаны хүмүүс ийм уулзалт болох магадлал бага гэж үзэж байна.

Мягмар гарагт энэ талаар асуухад Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гуо Жиакун ээлжит хэвлэлийн хурлынхаа үеэр Трамп, Ким хоёр уулзах эсэх талаар “ямар ч мэдээлэл алга” гэж хариулжээ.

Ихва эмэгтэйчүүдийн их сургуулийн Умард Солонгос судлалын профессор Пак Вон Гон “The Korea Times” сонинд өгсөн ярилцлагадаа “Боломж бий гэж бодож байна, гэхдээ ойрын ирээдүйд биш. Ялангуяа АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзах магадлал тун бага” гэж хэлсэн байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу