Жүжигчин Lee Do Hyun өөрөөсөө хоёр насаар ах Han So Hee-д анхаарал тавьсан үйлдлээрээ шүтэн бишрэгчдийн сэтгэлийг хөдөлгөжээ. Тэд арваннэгдүгээр сарын 26-нд Филиппиний Манилагийн Макати хотын Ayala Mall-д болсон Musinsa Standard дэлгүүрийн нээлтэд брэндийн элчээр оролцсон байна.
Богино даашинзтайг нь анзаараад хүрмээ тайлж өгчээ
Han So Hee шаргал үсээ богино шаргал даашинз, бомбер хүрэмтэй хослуулж, орчин үеийн төрх бүрдүүлжээ. Харин Lee Do Hyun хар цамц, жийнсэн хүрэм, саарал даавуун өмд өмсөж, үсээ цэмцгэр хойш самнасан байв.
Гэрэл зурагчдад зургаа авахуулсны дараа тэд арга хэмжээнд ирсэн фэнүүдтэй хамтын зурагт орохоор болжээ. Энэ үеэр Han So Hee богино даашинзнаасаа шалтгаалан шалан дээр суухаас тээнэгэлзсэн байна.
Үүнийг анзаарсан Lee Do Hyun өмсөж байсан жийнсэн хүрмээ тайлан түүнд өгчээ. Тэрээр зөвхөн хүрмээ өгөхөд зогсолгүй, нугаларсан үзүүрийг нь өөрөө тэнийлгэж, эвтэйхэн байрлуулахад нь тусалсан аж.
Гэнэтийн анхаарал халамжид Han So Hee гараараа амаа даран инээсэн бол танхимд байсан фэнүүд уухайлан дэмжжээ.
“Жижиг зүйлд хүртэл анхаардаг нь харагдлаа”
Уг мөчийн бичлэг цахим орчинд хурдан тархаж, хэрэглэгчдийн эерэг сэтгэгдлийг дагуулсан байна. Зарим нь түүний боловсон зан үйлдэлд нь шингэснийг магтсан бол бусад нь жижиг зүйлсийг хүртэл анзаардагт нь талархжээ.
Мөн хоёр жүжигчнийг нэг бүтээлд хамт тоглоосой гэсэн хүсэлт, тухайн мөч догдлом харагдсан тухай сэтгэгдлүүд нийтлэгдсэн байна.
Lim Ji Yeon-той салснаас хойш анх удаа олны өмнө гарчээ
Энэ нь Lee Do Hyun салсан тухайгаа мэдэгдсэнээс хойш оролцсон анхны албан ёсны арга хэмжээ байсан тул илүү их анхаарал татжээ.
Тэрээр өөрөөсөө таван насаар ах жүжигчин Lim Ji Yeon-той Netflix-ийн “The Glory” цувралд хамтран ажиллахдаа танилцсан юм. Хос 2023 оны дөрөвдүгээр сард үерхэж байгаагаа нийтэд зарласан байна.
Гурван жил гаруй нээлттэй харилцаатай байсан тэд арваннэгдүгээр сарын 24-нд салснаа албан ёсоор баталжээ.