Elon Musk Америкийн хүүхдүүдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ: Нийт үнэлгээ нь $18 тэрбумд хүрчээ

Elon Musk АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийн хоёр ширхэг хувьцаа бэлэглэхээ амлажээ. Нэгийг нь компаниас, нөгөөг нь өөрийн эзэмшлээс олгохоор төлөвлөсөн бөгөөд тараах хувьцааны нийт үнэлгээ бараг 18 тэрбум ам.доллар болж байна.

Нэг хувьцааг компани, нөгөөг нь Musk олгоно

Musk өөрийн X платформд нийтэлсэн товч мэдэгдэлдээ хүүхдүүдэд олгох хувьцааны талаар тайлбарлажээ. Лхагва гарагт SpaceX “Trump Account” буюу “Трампын данс”-тай хүүхэд бүрд “А” ангиллын энгийн хувьцаанаасаа нэг ширхгийг өгөхөө зарласан байна. Харин Musk компанийн олгохтой тэнцүү тооны хувьцааг хувиасаа нэмж бэлэглэхээр болжээ.

“Trump Account” хөтөлбөр нь 18 нас хүрээгүй Америкийн хүүхдүүдийг хөрөнгийн зах зээлд эзэмшилтэй болгож, багаас нь хөрөнгө хуримтлуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Цагаан ордны өнгөрсөн сарын мэдээллээр, хөтөлбөрийн хүрээнд 70 орчим сая данс нээгджээ.

Лхагва гарагт SpaceX-ийн нэгж хувьцаа 127.44 ам.долларын ханштай байсан тул амласан хоёр хувьцааны нийт үнэлгээ бараг 18 тэрбум ам.долларт хүрч байна.

Musk-ийн хувиасаа өгөх хувьцааг мөн “Trump Account”-аар дамжуулах эсэхийг SpaceX одоогоор тодруулаагүй аж.

Хувийн эзэмшлийн хувьцаагаа ирэх зургаадугаар сард шилжүүлнэ

Musk өөр нэг мэдэгдэлдээ компанийн олгох хувьцааг ирэх сард, харин өөрийн эзэмшлээс өгөх хэсгийг ойролцоогоор хагас жилийн дараа шилжүүлэхээр төлөвлөснөө бичжээ.

Тэрбээр “Хувиасаа бэлэглэх хувьцаа нь ирэх оны зургаадугаар сард миний эзэмшлийн хувьцаанд тавигдсан хязгаарлалт (lockup period) дуусмагц шилжих болно” гэж мэдэгдсэн байна.

Ойролцоогоор 824 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Musk өнгөрсөн аравдугаар сард Америкийн хүүхэд бүрд SpaceX-ийн нэг хувьцаа бэлэглэх санаагаа анх танилцуулж байжээ. Тухайн үедээ “Энэ бол цаашид хийх олон ажлын эхнийх нь юм” хэмээн X платформд бичсэн байна.

Зургаадугаар сарын байдлаар тэрээр SpaceX-ийн ойролцоогоор 6.42 тэрбум ширхэг хувьцааг эзэмшиж байв.

Бусад удирдлагууд ч хүүхдүүдэд хувьцаа өгөхөөр амлажээ

Musk-ийн буяны үйл ажиллагааны дийлэнх нь ойролцоогоор 16 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэгддэг Musk Foundation сангаар дамжин хэрэгждэг аж.

Мөн SpaceX-ийн ерөнхийлөгч Gwynne Shotwell нөхрийнхөө хамт аравдугаар сард “Trump Account” хөтөлбөрт хамрагдсан хоёр сая гаруй хүүхэд тус бүрд компанийн хувьцаа бэлэглэхээ мэдэгдэж байжээ.

Технологийн компаниудын хандивын санаачилга өргөжиж байна

Хиймэл оюун ухааны салбарт Musk-тай өрсөлддөг Anthropic компани хувьцааныхаа таван хувийг нийтийн сайн сайхны төлөө ажиллах шинэ санд зориулахаар болсноо саяхан зарласан байна.

Өнгөрсөн долоо хоногт хувьцаагаа хөрөнгийн зах зээлд анх удаа арилжаалж эхэлсэн тус компанийн өнөөгийн үнэлгээгээр энэ хандив ойролцоогоор 54 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй аж.

Урт хугацаанд хэрэгжиж буй томоохон буяны санаачилгуудын нэг нь Berkshire Hathaway-ийн хүндэт ерөнхийлөгч Warren Buffett-ийн хандив юм. Тэрээр одоогоор 60 тэрбум ам.долларыг буяны үйлсэд зориулсан бөгөөд үлдсэн 150 тэрбум ам.долларын хөрөнгийнхөө ихэнхийг мөн хандивлахаар төлөвлөжээ.

Түүнчлэн Bill Gates-ийн Gates Foundation сан 2000 онд байгуулагдсанаасаа хойш 100 тэрбум гаруй ам.долларыг буяны үйл ажиллагаанд зарцуулсан байна. Уг хөрөнгийн тодорхой хэсгийг Buffett-ийн хандив бүрдүүлдэг аж.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу