Вашингтонд H5N1-ийн гурван тохиолдол батлагдаж, нэг хүн нас баржээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, АНУ-ын Вашингтон мужид гурван хүн шувууны томууны H5N1 вирүсийн халдвар авсан нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Тэдний нэг нь нас барсан бол үлдсэн хоёр хүн хөнгөн өвдөж, эдгэрсэн байна.

Халдвар авсан хүмүүс сүүний фермд ажилладаг байжээ

Өвчилсөн гурван хүн бүгд сүүний чиглэлийн үнээний фермийн ажилтан аж. Тухайн бүсийн үхрийн сүргээс өндөр хоруу чанартай H5N1 вирүс өмнө нь илэрсэн байна.

Өвчтөнүүдээс илрүүлсэн вирүсийн генетикийн бүтэц Вашингтон мужийн сүүний үхрээс илэрсэн H5N1-тэй маш төстэй болохыг шинжилгээгээр тогтоожээ. Энэ нь халдвар амьтнаас хүнд дамжсан байхыг дэмжих чухал баримт болсон байна.

Гэсэн ч ДЭМБ нийт хүн амд учрах эрсдэлийг одоогоор бага түвшинд үнэлжээ.

Суурь өвчтэй нэг өвчтөний биеийн байдал хүндэрсэн байна

Нас барсан хүн суурь өвчтэй байсан гэж ДЭМБ мэдээлжээ. Тэрээр амьсгалын замын хүнд хэлбэрийн өвчнөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад арваннэгдүгээр сарын 1-нд нас барсан байна.

Харин бусад хоёр өвчтөнд халдвар харьцангуй хөнгөн илэрч, эмнэлэгт хэвтэхгүйгээр эдгэрчээ.

Гурван өвчтөнд илэрсэн шинж тэмдэг ялгаатай байв. Эхний хүнд нүд цочрох, нус гоожих, булчин болон толгой өвдөх зовуурь илэрсэн байна. Тэрээр вирусийн эсрэг эмчилгээ хийлгэсэн бөгөөд хэвтэн эмчлүүлэх шаардлага гараагүй аж.

Хоёр дахь өвчтөнд амьсгалын замын шинж тэмдэг илэрч, биеийн байдал нь хүндэрсэн тул эмнэлэгт хүргэгджээ. Гэвч эмчилгээний явцад нас барсан байна.

Гурав дахь хүнд нүдний салст бүрхэвчийн үрэвсэл буюу коньюнктивит илэрсэн ч эмнэлэгт хэвтэх шаардлагагүй байжээ.

H5N1 шувуудаас гадна хөхтөн амьтдад илэрч байна

H5N1 нь томуугийн А вирүсийн дэд хэв шинж бөгөөд голчлон шувуудын дунд тархдаг. Зэрлэг усны шувууд болон гэрийн тэжээвэр шувуудад халдварлаж, зарим тохиолдолд хүнд өвчлөл, олноор хорогдох шалтгаан болдог байна.

Сүүлийн жилүүдэд уг вирүс хөхтөн амьтдад халдварлах болсон нь судлаачдын анхаарлыг татаж байгаа юм. H5N1 илэрсэн амьтдын дунд үхэр, муур, үнэг, далайн хав, далайн арслан болон бусад зэрлэг хөхтөн багтаж байна.

АНУ-ын сүүний чиглэлийн үхрийн сүрэгт халдвар тархсан нь мал эмнэлэг болон нийгмийн эрүүл мэндийн байгууллагууд хамтарсан тандалт хийхийн ач холбогдлыг улам нэмэгдүүлжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу