Өвөлжилтийн эрсдэл нэмэгджээ: Нийт нутгийн 18 хувьд нэн их хүндрэл үүсэх төлөвтэй

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн арванхоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвөөр Монгол орны нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэхээр байна.

Үнэлгээнд хамрагдсан нутгийн 28 хувьд их, 34 хувьд дунд, 15 хувьд бага зэрэг хүндрэл үүсэх төлөв гарчээ. Харин үлдсэн таван хувьд өвөлжилт хүндрэлгүй байх төлөвтэй аж.

Баруун болон говийн аймгуудын ихэнх нутаг эрсдэлтэй байна

Урьдчилсан үнэлгээг ган, зуншлагын нөхцөл, 2026–2027 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, ургац, цасны зузаан, агаарын температур, хур тунадасны мэдээлэлд тулгуурлан боловсруулжээ.

Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгийн ихэнх нутгаар өвөлжилт их болон нэн их хүндрэхээр байна. Мөн Хөвсгөл, Булган, Сүхбаатар аймгийн зарим хэсэг энэ түвшний эрсдэлд багтжээ.

Цаг агаарын мэдээнд тулгуурлан бэлтгэлээ хангахыг зөвлөв

Өвөлжилт хүндэрч буй болон цаашид хүндрэх эрсдэлтэй бүсийн малчид, иргэдэд богино, дунд, урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол авч, ашиглахыг зөвлөсөн байна.

Түүнчлэн нөхцөл байдал хүндэрсэн үед хэрэгжүүлэх арга хэмжээний бэлтгэлийг урьдчилан хангах шаардлагатайг сануулжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу