Өчигдөр буюу Даваа гарагт Орос болон Украины засгийн газрын төлөөлөгчдийн хоёр дахь ээлжийн шууд хэлэлцээ Туркийн Истанбул хотод болж өнгөрлөө. Харьцангуй богино, нэг цаг орчим үргэлжилсэн уг уулзалтын үр дүнд талууд гал зогсоох тухайд ямар нэгэн ахиц дэвшилд хүрч чадсангүй.
Украин болон түүний холбоотнууд уг хэлэлцээний үеэр урьдчилсан болзолгүйгээр дор хаяж 30 хоногийн хугацаанд гал зогсоох саналыг тавьсан боловч Оросын тал үүнийг хүлээн зөвшөөрсөнгүй. Харин фронтын зарим бүсэд 2-3 хоногийн хугацаатай түр гал зогсоох хариу санал тавьжээ. Ингэснээр талууд энхийн хэлэлцээрийн үндсэн суурь болох гал зогсоох асуудлаар ойлголцолд хүрч чадаагүй юм.
Гэсэн хэдий ч тодорхой ахиц гарсан зүйл нь олзны цэргүүд болон алагдсан цэргүүдийн цогцсыг харилцан солилцох асуудлаар тохиролцоонд хүрсэн явдал байлаа. Талууд нийт 12,000 амиа алдсан цэргийн цогцсоос 6,000-г нь солилцохоор болсон бөгөөд мөн өвчтэй, хүнд шархтай болон 25 нас хүрээгүй бүх олзлогдсон цэргүүдийг харилцан солилцохоор тохирсон байна.
Хэлэлцээний үеэр Украины тал эзлэгдсэн нутаг дэвсгэрээс хүчээр ОХУ руу авч явсан хэдэн зуун хүүхдийн нэрсийн жагсаалтыг Оросын төлөөлөгчдөд гардуулж, тэдгээр хүүхдүүдийг буцаан өгөхийг шаарджээ. Киевийн албаны эх сурвалжийн мэдээлснээр энэ нь хэлэлцээний эмзэг сэдвүүдийн нэг байсан байна.
Тавдугаар сарын 16-нд болсон анхны яриа хэлэлцээний үеэр талууд 1,000 олзны цэргийг солилцох шийдвэрт хүрч байсан бол хоёр дахь уулзалтаар илүү өргөн хүрээтэй, цогц шийдлүүдийг хэлэлцсэн ч гал зогсоох асуудлаар дахин ойлголцож чадсангүй.