Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 16 дугаар хороонд орших Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн урд хэсэгт байрлах төв талбайн тохижилт, шинэчлэлтийн ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэлээ.
Тус ажил нь нийт 8,400 ам.метр талбайд байгалийн чулуун хавтан тавьж, 820 ам.метрт ногоон байгууламж бий болгосон юм. Мөн амралтын сандал, гэрэлтүүлэг, хогийн сав, хашлага, шат зэрэг хотын стандарт шаардлагад нийцсэн шинэ дэд бүтцийг суурилуулжээ.
Талбайн төв хэсэгт монголчуудын эртнээс хэрэглэж ирсэн амьдралын мөнхийн хөдөлгөөнийг бэлгэдсэн алхан хээ болон хөгжил цэцэглэлтийн бэлгэдэл болсон зоосон хээг сийлж, урлагийн болон ёслолын зориулалттай орон зайг бүрдүүлжээ. Энэ хэсгийг цам харайх бүжгийн зориулалттайгаар ашиглахаар төлөвлөсөн байна.
Тохижилтын төслийг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ, “Дабль пирамид констракшн” ХХК хамтран гүйцэтгэсэн бол зураг төслийг “Хот төлөвлөлт, судалгааны институт” боловсруулж, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн хяналт тавьжээ.
Өмнө нь уг талбай нь бетон болон явган замын хэлбэржүүлсэн өнгөт хавтан, шороон хэсэг зэрэг холилдсон бүтэцтэй байсан бөгөөд хавтангууд хуурч эвдэрсэн, шатнууд стандартын шаардлага хангадаггүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход хүндрэлтэй нөхцөлтэй байжээ. Шинэчлэлтийн дараа талбай хотын орчин үеийн хот байгуулалтын жишиг тохижилт бүхий цогцолбор болон өөрчлөгдсөн байна.
Гандантэгчэнлин хийд нь Монголын түүх, соёлын үнэт өв, уламжлалт шашин, гүн ухааны төв төдийгүй, монголчуудын ёс суртахуун, энэрэнгүй үзэл, оюун санааны үнэт зүйлсийг түгээх үүрэг хүлээдэг ариун газар юм. Хосууд хуримаа хийж, жуулчид зорин очдог соёлын чухал цэгийн нэг болох тус хийдийн орчныг шинэчилснээр иргэдийн ая тухтай байдлыг нэмэгдүүлж, нийтийн хэрэглээнд илүү нийцсэн орон зай бүрдүүлжээ.


Маш гоё шинэчлэлт – төв талбайг байгалийн чулуугаар хийж, ногоон байгууламж нэмсэн нь сайхан байна. Энэ нь огт өөр харагдаж байна!
Тэд вандан сандал, гэрэлтүүлэг суурилуулсанд баяртай байна