“Туулын хурдны зам” гэнэт зогслоо: Засгийн газар маргаантай төслийг түр царцаав

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар холбогдох сайд, албан тушаалтнууд мэдээлэл өглөө. Энэ үеэр хамгийн анхаарал татсан асуудлын нэг нь “Туулын хурдны зам” төслийг түр хугацаанд зогсоох шийдвэр байв.

Иргэдийн гомдол, хардлага намжтал төслийг зогсооно

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Батцэцэгийн мэдээлснээр, “Туулын хурдны зам”-тай холбоотойгоор иргэд болон олон нийтийн байгууллагуудаас Засгийн газарт ирүүлсэн хүсэлт, гомдлын дагуу ийм шийдвэр гаргажээ. Тэрбээр, “Туулын хурдны замтай холбоотойгоор Засгийн газарт иргэд, олон нийтийн байгууллааас ирүүлсэн хүсэлтийн дагуу иргэдийн дунд үүсээд байгаа бухимдал, эргэлзээг арилгах хүртэл зогсоолоо. Ерөнхий сайд, Засгийн газарт 300 гаруй хүсэлт гомдол ирсэн. Тус төсөлтэй нэр холбогдсон албан тушаалтнуудын асуудлыг хууль хяналтын байгууллага шийдвэрлэж дуустал Туулын хурдны зам төслийг зогсоож байгаа юм” хэмээн ярилаа.

Байгаль орчин, эдийн засаг, санхүүжилттэй холбоотой эргэлзээ үргэлжилж байна

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гарсан гол шийдвэрүүдийн нэг нь ийнхүү “Туулын хурдны зам” төслийг түр зогсоосон явдал байлаа. Уг төслийн талаар иргэд, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид Ерөнхий сайдад удаа дараа шаардлага хүргүүлж байсан юм.

Тэд байгаль орчинд үзүүлэх нөлөө, замын түгжрэлийг бууруулах бодит үр ашиг, эдийн засгийн өгөөж, мөн төслийн хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлуудаар олон үндэслэл гарган тавьжээ. Ерөнхий сайд Н.Учрал эдгээр байр суурь, шүүмжлэлийг Засгийн газар үл тоомсорлохгүй, хүндэтгэн авч үзэх ёстой гэж үзсэн байна.

Иймээс “Туулын хурдны зам” төсөлтэй холбоотой олон нийтийн дунд үүссэн төөрөгдөл, зөрүүтэй мэдээллийг нэг мөр болгох, үнэн зөвийг тогтоох, мөн хууль хяналтын байгууллагын шалгалт дуусах хүртэл уг төслийг түр хугацаанд зогсоох шийдвэрийг Ерөнхий сайд мэдэгджээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу