2025 оны долоодугаар сарын 10-ны өдөр “Төрийн далбааны өдөр”-ийг тохиолдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид уламжлал ёсоор цэргийн хүндэтгэлийн жагсаалаар Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэв.
Ёслолын үйл ажиллагаа Төрийн далбаа болон Зэвсэгт хүчний Жанжин тугийг хүндэтгэлийн байранд залснаар эхэлсэн бөгөөд Батлан хамгаалахын сайд Д.Батлут бие бүрэлдэхүүнтэй мэндчилж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд жагсаалд бэлэн болсныг илтгэлээ. Төрийн дуулал эгшиглэх үеэр 21 удаа ёслолын буудлага үйлдэж, төрийн бэлгэ тэмдэгт хүндэтгэл үзүүлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх нийт иргэд, цэргийн бие бүрэлдэхүүн, ахмад дайчид, зочдод хандан үг хэлсэн. Тэрээр “Төрийн далбаа бол Монголын тусгаар тогтнол, эрх чөлөөний бэлгэ тэмдэг, ард түмний эв нэгдэл, баатарлаг түүх, үндэсний бахархлын илэрхийлэл” хэмээн онцолж, энэхүү өдөр бол эх оронч үзлийг төлөвшүүлэх, өв соёл, түүх, уламжлалаа хойч үедээ өвлүүлэх, төрт ёсоо дээдлэх үндэсний хэмжээний чухал ёслол гэж тодотголоо. Мөн жагсаалд оролцогч бүх алба хаагчдад талархал илэрхийлж, амжилт хүслээ.
Энэ удаагийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 23 салбарын 1400 гаруй цэргийн алба хаагч оролцсон бөгөөд Москва хотноо болсон Ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд оролцсон цэргүүд, Төрийн хүндэт харуул, хоёр морьт салаа, Улаанбаатар цэргийн хүрээний найрал хөгжим мөн оролцлоо. Морьт цэргүүд Хүннү гүрэн, Их Монгол Улс, Богд хаант Монгол Улс, Ардын журамт цэрэг, Ардын армийн туг болон Төрийн далбааг залан явснаар жагсаал өндөрлөв.
Ёслолын жагсаалыг Зэвсэгт хүчний Жанжин штабын Нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, бригадын генерал Ж.Өсөхбаяр командалсан бөгөөд үйл ажиллагааг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ болон Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах яамны удирдлага, гадаадын дипломат төлөөлөгчид, иргэд, жуулчид хүрэлцэн ирж сонирхов.
2009 оноос хойш жил бүрийн долоодугаар сарын 10-нд энэхүү өдөр тэмдэглэгдэж, Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх уламжлал тогтсон юм. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын илэрхийлэл болсон төрийн бэлгэ тэмдгүүд — Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал нь ард түмний хүсэл тэмүүлэл, шударга ёс, эв нэгдлийн гүн утгыг илтгэдэг. Төрийн далбаан дээрх Соёмбо нь Монголын хөгжил дэвшил, ард түмний эв санаа, баялаг амьдралын бэлгэдэл билээ.