Өнөөдөр Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг болсон “Төрийн далбааны өдөр”-ийг орон даяар тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдрийг тохиолдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид цэргийн ёслолын жагсаалд оролцож, Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэв.
Ёслолын ажиллагаа Төрийн далбаа болон Зэвсэгт хүчний Жанжин тугийг хүндэтгэлийн байранд залах үйлдлээр эхэлсэн бөгөөд Батлан хамгаалахын сайд Д.Батлут жагсаалд оролцогч бие бүрэлдэхүүнтэй мэндчилж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ёслолын бэлэн байдлын илтгэлийг өгсөн байна.
Төрийн далбааг мандуулах мөчид Төрийн дуулал эгшиглэж, 21 удаагийн ёслолын буудлага хийгдэн хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх ёслолын үеэр хэлсэн үгэндээ “Төрийн далбаа бол Монгол түмний тусгаар тогтнол, баатарлаг түүх, эв нэгдэл, цог хийморийн илэрхийлэл” хэмээгээд энэхүү үнэт зүйлсийг үе үеийн иргэд, ялангуяа залуу үед таниулах, эх оронч үзлийг төлөвшүүлэх утга учрыг энэ өдрөөс харж болохыг онцолсон юм.
Цэргийн ёслолын жагсаалд нийт 1400 гаруй алба хаагч оролцсон бөгөөд:
- Төрийн хүндэт харуулын дайчид
- Москва хотод болсон Ялалтын 80 жилийн ойн жагсаалд оролцсон цэрэг эрс
- Морьт цэргийн хоёр салаа
- Улаанбаатар цэргийн хүрээний нэгдсэн найрал хөгжим
- Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 23 нэгжийн төлөөлөл багтжээ.
Морьт цэргүүд Хүннү гүрнээс эхлэн Их Монгол Улс, Богд хаант Монгол Улс, Ардын журамт цэрэг, Ардын армийн туг болон Төрийн далбааг залан жагсаж, түүхэн уламжлалыг үзэгчдэд илэрхийлэн харууллаа. Энэхүү сүр жавхлант жагсаалыг ЗХЖШ-ын Нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, бригадын генерал Ж.Өсөхбаяр удирдан командалсан юм.
Ёслолын арга хэмжээг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар, төрийн өндөрлөгүүд, Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлагууд, дипломат төлөөлөгчид, олон улсын байгууллагын зочид, ахмад дайчид болон олон зуун иргэн, жуулчид сонирхон үзлээ.
Монгол Улс 2009 оноос хойш жил бүрийн 7-р сарын 10-ныг “Төрийн далбааны өдөр” болгон тэмдэглэж ирсэн бөгөөд энэ нь үндэсний бахархал, төрт ёсны хүндэтгэлийг илэрхийлдэг уламжлалт өдөр юм.