Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын хүрээнд үндэсний сурын харваа, шагайн харваа Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж байна.
Үндэсний спортын төрлүүдийг сонирхон цугларсан наадамчдын хөлд автсан цэнгэлдэх хүрээлэнгийн хоолны цэгүүд ажиллаж эхэлжээ. Энэ жилийн наадмын хуушуурын үнэ 2500-3500 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд чанар, орц найрлага, хэмжээ зэргээс хамааран харилцан адилгүй үнээр худалдаалагдаж байна.
Наадамчдад үйлчлэх хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнд 206, Хүй долоон худагт 370 буюу нийт 576 худалдаа, үйлчилгээний зөвшөөрөл олгосон байна. Эдгээр цэгүүдээр дамжуулан иргэдэд хоол хүнс, бараа бүтээгдэхүүн, бусад үйлчилгээ үзүүлэх зохион байгуулалт хийгджээ.