Монгол төрийн түүхт ойг тохиолдуулан зохион байгуулж буй Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагааг энэ жил “Мөнхөд гэрэлтэх Монгол” уран сайхны агуулгын хүрээнд найруулан толилуулжээ. Тус арга хэмжээг найруулсан Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын удирдлага дор нийт 2500 гаруй уран бүтээлч, уран сайханч оролцсон байна.
Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Драмын Эрдмийн Театр, Үндэсний Урлагийн Театр, Цэргийн болон Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга зэрэг төрийн урлагийн гол байгууллагууд хүчээ нэгтгэж оролцжээ. Үүнээс гадна Жанжин штабын зүгээс 350 цэргийн алба хаагч оролцсон бол алдарт эхчүүд хүүхдүүдийн хамт тайзнаа гарсан нь онцлог байв.
Мөн Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн 200 гаруй сурагч, 300 морин хуурч хүүхэд, 100 уртын дуучин, циркийн уран бүтээлчид, 60 гаруй морьтнууд хамтран оролцсон нь наадмын нээлтэд хүчирхэг агуулга, өргөн хүрээний оролцоог бий болгожээ.
Наадмын ерөнхий найруулагч Н.Наранбаатар “Хэрхэн хүлээн авахыг өөрсдийн тархи, оюун ухаанаараа зажилцгаа. Энэ бол олон хүний хүч хөдөлмөр, хичээл зүтгэл шингэсэн бүтээл” хэмээн онцлов. Мөн оройн 21:00 цагаас нээлтийн урлагийн тоглолтыг дахин үзэгчдэд хүргэхийг мэдэгдлээ.
Сэтгүүлчдийн асуултад хариулахдаа тэрбээр:
Сэтгүүлч: Наадмын нээлтийг шүүмжилсэн хүмүүст хандаж юу хэлэх вэ?
Найруулагч Н.Наранбаатар: “Нэг үг байдаг шүү дээ. Хүмүүс өөр өөрийнхөөрөө л ярьцгаана. Өөрсдийнхөөрөө л ойлгоно шүү дээ” хэмээн тайлбар өглөө.