Монголын Оюун Ухааны Академийн тамирчид, олон улсын их мастер, дэлхийн аварга, Гиннесийн болон дэлхийн дээд амжилтын эзэд Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Монгол Улсын “Гавьяат тамирчин” цолны эзэн боллоо. Тэд Монголын оюуны спортын салбарт түүхэн шинэ хуудсыг нээж, анхны “Гавьяат” цол хүртсэн ой тогтоогчид болж байна.
Ой тогтоолтын спортын шинэ шатны төлөөлөл
Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар бол Монголын оюуны спортын нүүр царай болсон, олон улсын тэмцээн уралдаанд амжилт гаргасан шилдэг тамирчид. Тэд дараах анхны амжилтуудыг гаргажээ:
- Монголын хамгийн анхны эмэгтэй Дэлхийн аварга
- Хамгийн залуудаа дэлхийн аварга болсон тамирчид
- Анхны хошой эмэгтэй дэлхийн аварга
- Ой тогтоолтын спортын анхны Гиннесийн дээд амжилтын эзэд
- Ази тивийн анхны эмэгтэй ой тогтоогч аварга
- “Super Brain” шоуны олон улсын ялагчид
Эдгээр амжилт нь зөвхөн тэдний авьяас чадварыг илтгээд зогсохгүй, монгол залуучуудад оюуны спортод хязгааргүй боломж байдгийг баталсан жишээ юм.
Түүхэн цол: Гавьяат тамирчин
Монгол Улсын түүхэнд анх удаа ой тогтоолтын спортоос “Гавьяат тамирчин” төрж буй нь энэ. Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар энэхүү хүндэт цолыг хүртсэнээр тус спортын үнэ цэнэ, цар хүрээ, ирээдүйн боломжийг олон нийтэд илүү тод харуулж чадлаа.