АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдсэнээр, “Coca-Cola” компани өөрийн бүтээгдэхүүний гол найрлагад томоохон өөрчлөлт хийх гэж байна. Тодруулбал, тус компани АНУ-д худалдаалагдах ундаандаа нишингийн сахар ашиглах шийдвэрт хүрчээ. Одоогоор тус компани бүтээгдэхүүндээ голчлон эрдэнэшишийн сироп ашигладаг.
Трамп энэ талаар “Truth Social” сүлжээндээ:
“Би АНУ дахь Coca-Cola-ийн удирдлагуудтай нишингийн сахар ашиглах талаар удаа дараа ярилцсан. Тэд энэ саналыг хүлээн авч, хамтран ажиллахаар тохиролцлоо. Энэ бол тэдний хувьд маш зөв алхам болно. Та нар ч харна. Зүгээр л илүү амттай!” хэмээн бичжээ.
Харин “Coca-Cola” компани найрлагаа албан ёсоор өөрчилсөн эсэх талаар тайлбар өгөөгүй ч, компанийн төлөөлөгч:
“Ерөнхийлөгч Трампын идэвх, урам зоригийг бид үнэлж байна. Бид брэндийн шинэ бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хуваалцах болно” хэмээн мэдэгджээ.
Эрүүл мэндийн шинэ чиг хандлага
АНУ-ын Эрүүл мэндийн сайд Роберт Ф. Кеннеди Жр. эрдэнэшишийн сиропын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөнд санаа зовниж, энэ найрлагыг хасахыг дэмждэгээ илэрхийлсэн. Түүний “Make America Healthy Again” хөдөлгөөн мөн энэ чиглэлд идэвхтэй уриалга гаргаж байна.
Трампын дэмжсэн энэ шийдвэр олон нийтэд таалагдаж болох ч, АНУ-ын хүнсний салбарт сөрөг нөлөө үзүүлж магадгүй. АНУ-ын “Corn Refiners Association”-ийн гүйцэтгэх захирал Жон Боде:
“Эрдэнэшишийн сиропыг нишингийн сахараар солих нь олон мянган ажлын байрыг үгүй хийж, дотоодын фермерүүдийн орлогыг бууруулах эрсдэлтэй. Мөн энэ солилцоо нь ямар ч нэмэлт тэжээллэг чанар өгөхгүй” гэж мэдэгджээ.
Coca-Cola-ийн хариу алхмууд
Coca-Cola компанийн Гүйцэтгэх захирал Жэймс Куинси өмнө нь хөрөнгө оруулагчидтай уулзахдаа:
“Бид бүтээгдэхүүн дэх сахарын хэмжээг бууруулах чиглэлээр тодорхой ахиц гаргаж байна” хэмээн онцолж байсан.
Гэвч нишингийн сахар руу бүрэн шилжих шийдвэрийн талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй хэвээр байна.
Мөн компани дэлхий даяарх маркетингийн стратегидаа шинэчлэл хийж, хэрэглэгчдэд чиглэсэн бүтээгдэхүүн хөгжүүлэлт өрнүүлж буйгаа илэрхийлсэн.
Трампын хувьд “Diet Coke”-ийг байнга хэрэглэдэг нэгэн бөгөөд түүний Зууван танхимын “Resolute” ширээн дээр энэхүү ундааг дууддаг тусгай товчлуур хүртэл байжээ.