2025 оны долоодугаар сарын 25-нд хиймэл дагуулд суурилсан интернэтийн Starlink сүлжээнд 2 цаг 30 минут үргэлжилсэн томоохон хэмжээний доголдол гарсан тухай SpaceX компанийн дэд ерөнхийлөгч Майкл Николс мэдээллээ. Түүний хэлснээр энэхүү саатал нь компанийн дотоод программ хангамжийн гол модулиудын үйл ажиллагаа түр зогссон явдалтай холбоотой аж.
Николс уг мэдээллийг X (хуучнаар Twitter) сүлжээгээр дамжуулан олон нийтэд хүргэж, доголдлын шалтгааныг тайлбарласан бөгөөд компанийн зүгээс уг асуудлыг аль хэдийн тодорхойлж, засварлаж эхэлснийг онцолсон байна.
Starlink сүлжээний тасалдал дэлхийн олон оронд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд Downdetector сайтад бүртгэгдсэн гомдлуудаас харахад хэрэглэгчдийн 60 хувь нь сүлжээ доголдсон, үлдсэн 40 хувь нь бүрэн тасарсан тухай мэдээлжээ. Саатал ялангуяа Их Британи, Австрали, Мексик, Аргентин, Чили, Бразил зэрэг улсуудад хүчтэй илэрсэн байна.
Мөн Украины зэвсэгт хүчний фронтын шугам дагуу ашиглагдаж байсан Starlink-ийн сүлжээ ч бүрэн тасалдсан нь анхаарал татаж байна. Starlink систем нь Украинд цэргийн харилцаа холбооны чухал хэрэгсэл болж байгааг харгалзан үзвэл энэхүү саатал стратегийн чухал бүсэд бодит эрсдэл дагуулсан байж болзошгүй юм.
Илон Маскийн үүсгэн байгуулсан SpaceX компанийн боловсруулсан энэхүү хиймэл дагуулын интернэт үйлчилгээ нь дэлхийн тойрог замд байрлуулсан 500 кг хүртэлх жинтэй олон жижиг дагуулууд дээр суурилдаг. Үүний зорилго нь алслагдсан болон интернэт сүлжээ муутай бүс нутагт хүртээмжтэй, өндөр хурдны интернетээр хангах явдал юм.
Тус систем дэлхий дахинд өргөн хэрэглээтэй болсоор байгаа ч сүүлийн үед гарсан энэхүү томоохон тасалдал нь Starlink-ийн найдвартай байдал, тогтвортой ажиллагааны талаар эргэлзээ төрүүлж эхэлж байна. Хэрэглэгчдийн итгэлийг сэргээхийн тулд SpaceX-ийн зүгээс дотоод програм хангамжийн хяналт, аюулгүй байдлыг улам сайжруулах шаардлага зүй ёсоор тулгарч байна.
Хоёр цаг хагасын турш холбоогүй… Энэ интернэт нь тэдний цорын ганц найдвар болсон хүмүүст ямар их дарамттай байдгийг төсөөлж байна
Би нэг удаа бодож байсан: хиймэл дагуулын интернет бол ирээдүй юм. Харин одоо “ирээдүй”-д хүртэл алдаа гарч байх шиг…