Монголын Иргэний Агаарын Тээвэр (МИАТ) ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир компанийн ойрын төлөвлөгөө, шинэ чиглэлүүд, байгууллагын бодлого болон нислэгийн сүлжээний өргөжилтийн талаар мэдээлэл өглөө.
Түүний хэлснээр Засгийн газар төрийн өмчит зарим байгууллагын тодорхой хувийг олон нийтэд нээлттэй болгох санал гаргасныг дэмжиж байгаа аж. Хувьчлах болон олон нийтэд нээлттэй болгох нь ялгаатай ойлголт бөгөөд олон нийтэд нээлттэй болсон тохиолдолд компани санхүүгийн тайлан болон бусад мэдээллээ ил тод гаргаж, хувьцаа худалдан авах эсэхээ хөрөнгө оруулагчид өөрсдөө шийдэх боломжтой болно. Энэ нь ил тод байдлыг нэмэгдүүлж, засаглалын түвшинг сайжруулна гэж тэр үзэж байна. Харин хувьчлалын талаар өнгөрсөн 30 жилийн турш сайн, муу туршлага аль аль нь гарсан тул нямбай хандах ёстой гэдгийг дурдав.
Төрийн байгууллагуудын албан хаагчдыг 9 хувиар цомхотгох асуудалд МИАТ зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Б.Мөнхтамирын хэлснээр компанид мэргэжлийн боловсон хүчний хомсдол байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд онгоцны тоо эрс нэмэгдэж, 2023 онд 4 онгоцтой байсан бол одоо 10 болжээ. Үүнээс шалтгаалан нисгэгч, үйлчлэгч, инженер, техникийн ажилтнуудын хэрэгцээ өссөн тул үйлдвэрлэлийн нэгжийн ажилтнуудыг цомхотгох нь нислэгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэж тэр онцолсон. Одоогоор компанийн нийт 1,098 орон тооны 945 нь үйлдвэрлэлийн нэгжид ажиллаж байна.
Шинэ чиглэлүүдийн хувьд энэ онд Улаанбаатар–Шанхайн чиглэл тогтмол нислэгтэй болсон бол наймдугаар сарын сүүлээр Улаанбаатар–Эрээн чиглэлийг нээхээр төлөвлөсөн. Мөн арваннэгдүгээр сарын 4-нөөс Улаанбаатар–Сингапурын чиглэлд тогтмол нислэг эхлүүлэхээр ажиллаж байна.
АНУ руу шууд нислэг эхлүүлэх асуудал олон жилийн турш яригдсан ч Б.Мөнхтамирын хэлснээр өнөөдөр энэ ажлыг хэрэгжүүлэхэд хамгийн таатай нөхцөл бүрджээ. АНУ болон БНХАУ-ын хооронд эдийн засгийн хориг арга хэмжээ хэрэгжиж буйгаас шалтгаалан хоёр улсын нислэгийн тоо эрс буурсан нь МИАТ-д боломж нээж байгаа гэж тэр үзэж байна. Өмнө нь долоо хоногт 60 гаруй нислэг үйлдэгддэг байсан бол одоо 20 орчим болжээ. Энэ нь Зүүн Өмнөд Азиар дамжин АНУ руу нисэх нөхцөлийг нэмэгдүүлж байгаа юм.
МИАТ АНУ руу нислэг үйлдэх бэлтгэл ажлаа бүрэн хангаж, одоо Иргэний Нисэхийн Ерөнхий Газар нь АНУ-ын Иргэний нисэхийн байгууллагын шаардлагын дагуу шалгуулж байна. Шалгалт амжилттай дуусвал Монгол Улс нэгдүгээр зэрэгт багтаж, АНУ руу шууд нислэг эхлүүлэх эрхтэй болно. Одоогоор компанид холын зайд нисэх боломжтой өргөн биет гурван онгоц бий.