-2.9 C
Ulaanbaatar
Даваа, 10 сар 13, 2025

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 80 жилийн ойн өндөр түвшний хуралдаанд оролцов

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны есдүгээр сарын 22-нд АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын 80 жилийн ойд зориулсан өндөр түвшний хуралдаанд оролцлоо.

НҮБ-ын тэргүүн нарын мэндчилгээ

Хуралдааныг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы дарга Анналена Бербок нар нээж, дэлхий дахины тулгамдсан сорилтыг даван туулахад НҮБ-ын үүрэг, хамтын ажиллагааны ач холбогдлыг онцоллоо. Улс орнуудын удирдагчид энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүний эрхийн асуудлаарх байр сууриа илэрхийлэв.

Монголын идэвхтэй оролцоо

Монгол Улс 1961 онд НҮБ-ын 101 дэх гишүүнээр элссэн цагаас хойш олон улсын энх тайван, ардчилал, хүний эрх, нийгэм, эдийн засгийн асуудлаар идэвхтэй байр суурь илэрхийлж, 90 гаруй тогтоол санаачлан батлуулжээ.

Одоогоор дараах таван тогтоолыг хоёр жил тутам санаачлан хэлэлцүүлж байна. Үүнд:

  • “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”
  • “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”
  • “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг”
  • “Бичиг үсгийн боловсролын тухай”
  • “Ардчиллын боловсролын тухай”

Мөн Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийн тухай тогтоол 2024 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар батлагдсан.

“НҮБ-80” санаачилга

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерреш 2025 оны гуравдугаар сард “НҮБ-80” санаачилгыг танилцуулсан. Энэ нь санхүүгийн хямралаас үүдэн төсвийг 30 хүртэл хувиар бууруулах шаардлага үүссэн нөхцөлд байгууллагын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой.

Ерөнхий санал шүүмжлэл есдүгээр сарын 23-нд эхэлж, 154 улсын төр, засгийн тэргүүн оролцоно.

Хоёр талын уулзалт

Хуралдааны үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичтой уулзав. Талууд улс төр, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов. Мөн 2026 онд тохиох хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэхээр тохиролцсон байна.

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах хүсэлтээ илэрхийлж, айлчлалын товыг ойрын хугацаанд дипломат шугамаар тогтохоор болов.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here