Азийн Хөгжлийн Банк (АХБ) 2025 оны есдүгээр сарын Азийн хөгжлийн төлөв тайландаа Монгол Улсын эдийн засаг 2025 болон 2026 онд тус бүр 5.7%-иар өснө гэж таамаглалаа. Энэ нь өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан 6.6% болон 5.9%-ийн өсөлтийн төсөөллөөс доогуур байгаа юм.
Төсөөлөл буурсан шалтгаан
АХБ-ын үзэж буйгаар нүүрсний экспортын эрэлт суларч, Засгийн газар төсвийн зарцуулалтаа танаснаас эдийн засгийн өсөлтийн төлөв дордсон байна. БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл тарифын өсөлт болон худалдааны хязгаарлалтад өртөж, Монголын ашигт малтмалын, ялангуяа коксжих нүүрсний эрэлт 2025–2026 онд сул хэвээр байх магадлалтай гэж дүгнэжээ.
Түүнчлэн төсвийн зарцуулалтыг хязгаарласнаар хэрэглээ болон хөрөнгө оруулалтын хэмжээ буурах эрсдэлтэй байгаа аж.
Сөрөг болон эерэг хүчин зүйлс
Цаг уурын таатай нөхцөл, малын тоо толгой өссөн нь 2025 оны эхний хагаст эдийн засгийн өсөлтийг дэмжсэн. Гэвч нүүрсний экспорт саарснаар уул уурхайн салбарын хувь нэмэр буурчээ. Харин эрчим хүч, барилгын салбарын өсөлтөөр уул уурхайн бус салбаруудын хөгжил тогтвортой явагдаж байгаа бол ургац хураалтын бууралт хөдөө аж ахуйн сэргэлтэд сөргөөр нөлөөлөх төлөвтэй байна.
АХБ-ын таамаглалд дурдсанаар 2026 онд эдийн засгийн өсөлт 5.7% хэвээр байх бөгөөд үйлчилгээний салбар голлох нөлөө үзүүлэх бол уул уурхайн салбарын гүйцэтгэл өмнөх хүлээлтээс сул байна.
Инфляц ба эрсдэлүүд
2025 оны инфляц 8.6% орчимд хүрэхээр байгаа бөгөөд энэ нь өмнөх 9.1%-ийн төсөөллөөс бага ч төв банкны зорилтот түвшнээс дээгүүр байна. Засгийн газар үнэ тарифын өсөлтийг хойшлуулсан нь үнийн дарамтыг 2026 он хүртэл сунгаж, тухайн онд инфляц 7.2% орчимд хадгалагдах төлөвтэй гэж үзэж байна.
Эдийн засгийн төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлүүд нь:
- БНХАУ-ын гангийн үйлдвэрлэлд хязгаарлалт нэмэгдэх,
- Оюу толгойн олборлолт удаашрах,
- 2025–2026 оны өвөлжилт хүндэрч, хөдөө аж ахуйн өсөлт саарах зэрэг юм.
АХБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин:
“Дэлхий дахинд тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа хэдий ч Монгол Улсын эдийн засгийн өсөлт үргэлжилж байна. Эрдэс баялгаас хараат байдал болон түүхий эдийн зах зээлийн савлагаатай холбоотой эмзэг байдлыг шийдвэрлэхийн зэрэгцээ өргөн хүрээтэй, төрөлжсөн өсөлтийг дэмжих нь улам бүр чухал болж байна” гэж онцлов.