Яагаад зар сурталчилгаа таныг “сонсож” байгаа мэт санагддаг вэ

Олон хүн дор хаяж нэг удаа ижил зүйл анзаарч байсан байдаг. Та ямар нэгэн бараа, аялал эсвэл үйлчилгээний талаар ярихад удалгүй Instagram болон бусад аппликэйшнд яг түүнтэй холбоотой сурталчилгаа гарч ирдэг. Үүнээс болж ухаалаг утас яриаг нууцаар сонсож байна гэх ойлголт өргөн тархсан. Гэвч бодит байдал үүнээс арай өөр бөгөөд нууц бичлэгээс илүү алгоритмын ажилтай холбоотой аж.

CBS News-ийн сэтгүүлчид болон зар сурталчилгааны салбарын мэргэжилтнүүдийн тайлбарласнаар ухаалаг утасны микрофоноор бүх яриаг байнга бичиж, тэр өгөгдлийг боловсруулах нь техникийн болон эдийн засгийн хувьд бараг боломжгүй, бас үр ашиггүй шийдэл юм. Дэлхий даяарх тэрбум гаруй хэрэглэгчийн аудио мэдээллийг тогтмол дамжуулж, боловсруулахад асар их нөөц хэрэгтэй болох тул компаниуд зорилтот сурталчилгаанд ийм аргыг ашигладаггүй байна.

Үүний оронд хэрэглэгчийн зан төлөвийг шинжилдэг системүүд ажилладаг. Алгоритмууд хайлтын түүх, лайк, үзсэн контент, байршлын мэдээлэл, тэр ч байтугай ижил Wi-Fi сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдийн мэдээллийг хүртэл харгалзан үздэг аж. Жишээлбэл, нэг айлд байгаа хүн тодорхой бараа сонирхсон бол тэр сурталчилгаа тухайн сүлжээнд байгаа өөр хэрэглэгчдэд ч харагдаж болно. Ийм байдлаар маш нарийн дижитал профиль бүрддэг бөгөөд энэ нь заримдаа таны бодлыг урьдчилан мэдчихсэн мэт сэтгэгдэл төрүүлдэг байна.

Гэхдээ микрофон огт ашиглагддаггүй гэсэн үг биш юм. Тухайлбал, дуут туслах ажиллаж байгаа үед эсвэл хэрэглэгч өөрөө тодорхой аппликэйшнд зөвшөөрөл өгсөн нөхцөлд микрофоны хандалт ашиглагддаг. Тиймээс хувийн нууцлалаа илүү хамгаалахын тулд аппликэйшнүүдийн зөвшөөрлийг тогтмол шалгаж, шаардлагагүй газарт микрофоны хандалтыг хааж байхыг зөвлөж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу