Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-27-нд Тайландын нийслэл Бангкок хотод зохион байгуулагдана. Тус тэмцээнд 30 орны 295 шилдэг жүдоч (эрэгтэй 168, эмэгтэй 127) хүч үзэхээр мэдүүлжээ.
Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагчид П.Нямлхагва, Б.Хишигбаяр, Г.Болдбаатар нарын удирдлага дор нийт 19 тамирчин өрсөлдөхөөр Тайландыг зориход бэлэн болоод байна.
Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэйчүүд:
- -60 кг: Б.Сүхбат
- -66 кг: Б.Эрхэмбаяр
- -73 кг: Л.Анхзаяа
- -81 кг: О.Шинэбаяр
- -90 кг: Б.Мөнхбаяр
- -100 кг: А.Энхбаяр, Б.Хүдэрчулуун
- +100 кг: Б.Гончигсүрэн, Ө.Пэрэнлэйжамц (багийн төрөлд)
Эмэгтэйчүүд:
- -48 кг: Г.Наранцэцэг
- -52 кг: М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа
- -57 кг: Т.Ариунзаяа
- -63 кг: МУГТ Л.Энхрийлэн
- -70 кг: Д.Есүй
- -78 кг: А.Дуламсүрэн
- +78 кг: А.Адъяасүрэн
Монголын баг тус тэмцээнд өндөр амжилт үзүүлж ирсэн уламжлалтай. Түүхэндээ нийт 26 алтан медальтай бөгөөд Х.Цагаанбаатар, М.Уранцэцэг, Х.Эрдэнэт-Од, П.Лхамдэгд зэрэг жүдочид тивийн хошой аварга болсон байдаг.
Харин 2024 оны Ази тивийн аваргын тэмцээнд Б.Баасанхүү, Л.Энхрийлэн, Б.Эрхэмбаяр нар алтан медалийн эзэд болж байсан билээ.
Энэ удаагийн тэмцээн Парис-2024 олимпын эрхийн оноо цуглуулах чухал тэмцээн тул манай багийн жүдочдын хувьд нэр төрийн хэрэг болж байна.