Төрийн сангийн үйл ажиллагаа доголдоогүй
Улаанбаатар хот. 2025 оны аравдугаар сарын 6 — Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ Монгол Улсын төрийн сангийн үйл ажиллагаа тогтвортой үргэлжилж байгааг онцлон мэдэгдлээ.
“Монгол Улсын төрийн сангийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа” гэж Б.Жавхлан хэлэв.
Тэрбээр тайлбарлахдаа, өнгөрсөн долдугаар сард улсын төсөвт тодотгол хийсэн бөгөөд одоогоор батлагдсан хуваарийн дагуу төрийн бүх санхүүжилт хэвийн үргэлжилж байгааг дурдав. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 50 гаруй хувьд хүрээд байгаа аж.
Валютын нөөц 5.8 тэрбум ам.долларт хүрсэн. Монголбанкны албан ёсны цахим хуудсын мэдээллээр, 2025 оны есдүгээр сарын 30-ны байдлаар Монгол Улсын валютын нөөц 5.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ хэмжээний нөөц нь 4–5 сарын импортын хэрэгцээг хангах боломжтой гэж тайлбарлав.
ОУВС-гийн дүгнэлт
Сангийн сайд мөн Олон улсын валютын сан (ОУВС)-гийн төлөөлөгчид жилд хоёр удаа гишүүн орнуудад ажилладаг бөгөөд өнгөрсөн долоо хоногт тэд Монгол Улсад айлчилсан талаар дурдсан юм.
Түүний хэлснээр:
“ОУВС-гийнхан манай улсын эдийн засагт ямар нэг эрсдэл үүссэн гэсэн дүгнэлт гаргаагүй.”
Ирэх оны төсвийн хэлэлцүүлэг
Мөн Б.Жавхлан ирэх 2026 оны улсын төсвийн төслийг есдүгээр сарын 1-нд УИХ-д өргөн барьсныг тэмдэглэж, хуулийн дагуу арваннэгдүгээр сарын 15-ны дотор УИХ батлах ёстой гэдгийг сануулав.
“Иймд бид ирэх оны төсвөө УИХ-ын түвшинд хэлэлцэн, батлах шаардлагатай” гэж Сангийн сайд онцоллоо.





