Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму, Ерөнхий сайд Нарендра Моди нартай уулзаж, өнөөдөр (2025.10.14) албан ёсны хэлэлцээ хийлээ.
“Стратегийн түншлэлийг” гүнзгийрүүлнэ
Хэлэлцээний үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэгийг Монголын “гуравдагч хөрш”, мөн Энэтхэг, Номхон далайн бүс нутгийн оюун санааны итгэлт түнш хэмээн үнэлж байгаагаа онцлов. Тэрээр хоёр орны “Стратегийн түншлэл”-ийн харилцааг улам өргөжүүлж, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах зорилготой байгаагаа мэдэгдэв.
Ерөнхий сайд Н.Моди харин Монгол Улсын төрийн тэргүүний энэхүү айлчлал нь дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойтой давхцаж буй онцлог, мөн “ард түмний найрамдлыг гүнзгийрүүлэх түүхэн үйл явдал” гэж онцоллоо.
Эдийн засаг, эрчим хүч, боловсролын хамтын ажиллагаа
Хоёр тал өнгөрсөн 70 жилийн ололтоо дүгнэж, ирэх он жилүүдэд эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, эрчим хүч, ногоон хөгжил, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилт дэвшүүлэв.
Монгол Улсын “Алсын хараа–2050” хөтөлбөрийг Энэтхэгийн “Виксит Бхарат–2047” хөгжлийн стратегитай уялдуулах замаар хамтын төслүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт нь “Монголын эдийн засгийн аюулгүй байдлыг бататгах стратегийн ач холбогдолтой” гэж тэмдэглэж, энэтхэгийн талд талархал илэрхийлэв.
Тээвэр, боловсрол, соёлын шинэ боломжууд
Хоёр улсын эдийн засгийн харилцааг өргөжүүлэх хүрээнд шинэ тээвэр, логистикийн коридор, гуравдагч улсын боомтыг ашиглах чиглэлд хамтран ажиллахаар болжээ.
Монголын агаарын тээврийн компани Дели болон Амрицар хот руу нислэг үйлдэх болсноор иргэдийн солилцоо, аялал жуулчлалд шинэ хөшүүрэг болно гэж Ерөнхийлөгч тэмдэглэв.
Мөн “Монгол-Энэтхэгийн бизнес форум” нь хувийн хэвшлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, тогтвортой худалдаа, эдийн засгийн түншлэлийн үндэс суурь болно гэж үзэв.
Ерөнхий сайд Н.Моди Энэтхэгийн Засгийн газраас “Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд 2025–2026 онд 70 монгол оюутанд шинэ тэтгэлэг олгох шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх боловсролын хамтын ажиллагаа нь хоёр орны найрамдлын бат бэх гүүр болдгийг онцолж, “Энэтхэг–Монголын Найрамдлын ерөнхий боловсролын сургууль” нь ирээдүйн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж хэллээ.
Соёл, уур амьсгалын хамтын санаачилга
Айлчлалын хүрээнд Дели хотноо болох “Монголын сайхан орон” тоглолт нь хоёр ард түмний соёл, итгэлцлийг бэхжүүлэх зорилготой. Талууд соёл, урлаг, боловсрол, спортын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо.
Мөн Монголын “Тэрбум мод” болон Энэтхэгийн “Ээжийн төлөө нэг мод” санаачилгыг уялдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Моди нар хамтран мод тарьсан нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын хүчин чармайлтын бэлгэдэл боллоо.
Хэлэлцээний үр дүн
Албан ёсны хэлэлцээний төгсгөлд “Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл” гаргав.
Хэлэлцээ найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болж, хоёр тал хамтын ажиллагаагаа бүх түвшинд өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа дахин нотоллоо.