Ногоон хөгжил, тогтвортой ирээдүйг дэмжигч Төрийн банкнаас “Тогтвортой хөгжил – Ногоон ирээдүй” нэртэй үзэсгэлэн худалдааг энэ онд хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээ нь байгальд ээлтэй, дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх ойлголтыг олон нийтэд таниулах, тогтвортой хөгжлийн мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэж буйгаараа онцлог юм.
Тус үзэсгэлэн нь зөвхөн эко бүтээгдэхүүний танилцуулгаар зогсохгүй, бодлогын хэлэлцүүлэг, мэргэжлийн илтгэл, нээлттэй зөвлөгөө зэрэг олон талт үйл ажиллагаатай. Мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчид, бодлого тодорхойлогчид хамтран салбарын асуудлуудыг хөндөж, шийдэл хэлэлцэнэ.
2024 оны үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулсан “Амины орон сууцны шинэ технологи, өртөг бууруулах боломж” сэдэвт хэлэлцүүлэг үр дүнтэй болж, банкууд хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх үндэс суурь болсон. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгч, барилгын салбарынхны ажлын байрыг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр үзүүлжээ.
Харин энэ удаад “Тогтвортой хөгжил – Ногоон барилга” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж, дэлхийн жишигт нийцсэн ногоон төсөл, барилгын шинэчлэл, хандлага, шийдлүүдийг танилцуулах юм. Төр, хувийн хэвшлийн хамтын оролцоотой энэхүү арга хэмжээ нь дотоодын хэмжээнд зохион байгуулагдаж буй хамгийн том тогтвортой хөгжилд чиглэсэн үзэсгэлэн болохоор төлөвлөгдөж байна.
Үзэсгэлэнгийн үеэр иргэд дараах эко бүтээгдэхүүн, шийдлүүдтэй газар дээр нь танилцаж, ногоон зээлийн нөхцөлийн талаар мэдээлэл авах боломжтой. Үүнд:
- Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж
- Эко бохир усны систем, дулаалгын материал
- Эрчим хүч хэмнэх орон сууц, цахилгаан бараа
- Эко тээврийн хэрэгсэл зэрэг багтаж байна.
🗓 Хэзээ: 2025 оны 4-р сарын 17–23-ны хооронд, өдөр бүр 11:00–20:00
📍 Хаана: Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордон (МҮЭСТО)
Иргэн таныг байгальд ээлтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих шинэ сонголтуудтай танилцахыг уриалж байна.
Манай улсад ийм арга хэмжээ зохиогддог нь үнэхээр сайхан! Энэ бол байгаль орчны шинэ технологитой танилцах боломж төдийгүй байгаль хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах боломж юм. Тогтвортой хөгжлийг дэмжих үүднээс үзэсгэлэнг заавал үзэх болно
Байгаль орчны асуудал нэн тэргүүнд тавигдаж байгааг харахад таатай байна. Ийм үзэсгэлэн тогтмол болж, экологийн шийдлийг өдөр тутмын амьдралд түгээхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна