16 дараалсан ялалт: Э.Цэндбаатар BoxRec-ийн чансааны эхний тавд орлоо

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын ээлжит ялалтаа байгуулж, BoxRec-ийн дэлхийн чансаанд жингийнхээ тавдугаар байрт дэвшжээ. Тэрээр өнгөрсөн амралтын өдрөөр Тажикистаны боксчин Мухаммад Якубовыг ялж, WBC холбооны АНУ-ын аваргын бүсийг хүртсэн байна.

Арван үеийн тулаанд шүүгчдийн нэгдсэн саналаар ялав

АНУ-ын Техас мужийн Эль Пасо хотод болсон тулаан бүтэн 10 үе үргэлжилжээ. Эхний үедээ өрсөлдөгчдөө хүнд цохилт өгсөн Э.Цэндбаатар цаашид ч санаачилгыг хадгалж, шүүгчдийн нэгдсэн шийдвэрээр ялалт байгуулсан байна.

Ингэснээр тэрээр мэргэжлийн рингэнд 16 дахь удаагаа ялж, нэг ч ялагдалгүй цувралаа үргэлжлүүллээ.

Харин Мухаммад Якубовын үзүүлэлт 26 тулаанаас 23 ялалт, хоёр ялагдал, нэг тэнцээ болов. Тэрээр 2025 оны наймдугаар сард Уильям Фостерыг ялж, WBC-ийн АНУ-ын аваргын бүсийг эзэмшсэн юм. Мөн оны арваннэгдүгээр сард Кристиан Чаконтой тулалдахдаа шүүгчдийн шийдвэрээр тэнцэж, бүсээ хамгаалж байжээ.

Жиндээ тавдугаарт, нийт боксчдоос 61-д бичигдэв

Якубовыг буулган авсан ялалт Э.Цэндбаатарыг BoxRec-ийн жингийн чансааны эхний тавд хүргэлээ. Түүний өмнө дараах дөрвөн боксчин жагсаж байна.

  1. АНУ-ын О’Шакүи Фостер
  2. Ирландын дэлхийн аварга асан Антони Какаче
  3. Мексикийн Эмануэль Наваррете
  4. Марокко гаралтай Испанийн тулаанч Моусса Голам

Харин BoxRec-ийн жин харгалзахгүйгээр гаргадаг нийт боксчдын чансаанд Монголын тамирчин 61 дүгээр байрт бичигджээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу