Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хүрээнд Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)-ын бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг энэ онд эхлүүлжээ. Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Митайм Интернэйшнл” компанитай өнгөрсөн 10 дугаар сарын сүүлчээр гэрээ байгуулсан бөгөөд одоогоор төслийн газрын чөлөөлөлт үргэлжилж байна.
Төслийн байршил, хүчин чадал, хэрэгжилтийн хугацаа
340 гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай ДЦС-5-ыг 42 жилийн дараа төр, хувийн хэвшлийн түншлэлээр 2026 онд барьж эхэлж, 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Станцыг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, ДЦС-2-ийн үнсэн сан дээр байгуулахаар тусгасан гэж мэдээллээ.
Хамрах хүрээ, ажлын байр, төслийн зохион байгуулалт
ДЦС-5 ашиглалтад орсноор нийслэлийн баруун бүсийн Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, 1 дүгээр хорооллын 52,800 өрхийг цахилгаанаар, 40,800 өрхийг дулаанаар хангах тооцоотой байна. Барилгын хугацаанд 1600 гаруй шинэ ажлын байр бий болж, ашиглалтад орсны дараа 369 байнгын ажлын байр шинээр үүсэхээр төлөвлөгджээ.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хамтран хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 33 дугаар тогтоолоор “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийг байгуулан ажиллаж байгаа бөгөөд дээрх мэдээллийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс өгсөн байна.





