Цаг уурын байгууллагаас өнөөдрөөс эхлэн Монгол орны ихэнх нутгаар хүйтний эрч огцом чангарна гэж анхааруулсан. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн дулаан хангамжийн горимд өөрчлөлт оруулж, халаалтын температурыг нэмэгдүүлэхээр болжээ.
Дулааны станцуудын “халууны” хэмийг 122 болгож өсгөнө
“Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер Ш.Мөнхжаргал цаг агаарын урьдчилсан төлөвт тулгуурлан дараах мэдээллийг өгсөн байна. Тэрээр “Цаг агаарын урьдчилсан төлөвөөр Улаанбаатар хотод энэ долоо хоногийн Бямба, Ням гарагаас эхлэн ирэх долоо хоногт цас орж, шөнөдөө -30…-35 хэмийн хүйтэн байх мэдээ ирж байна.
Маргаашаас эхэлж дулааны бүх станцын сүлжээний халууныг 120 хэмээр ажиллаж байгааг 122 хэм болгож, нэмэгдүүлнэ.” гэжээ.
Хоёрдугаар хэлхээнд 70 хэм хүртэл нэмэх төлөвлөгөөтэй
Мөн шаардлагатай бүсүүдэд хоёрдугаар хэлхээний температурыг 70 хэм хүртэл өсгөх хувилбар төлөвлөсөн бөгөөд энэ ажлыг Орон Сууцны Удирдах Газар болон орон сууцны хувийн конторуудтай горимын ажиллагаагаа уялдуулан зөвшилцөж хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг дурдсан байна.
Дулааны хэрэглээ өсөж, эх үүсвэрүүдийн ачаалал хэтэрч байна
Ш.Мөнхжаргалын мэдээлснээр нийслэл хот жилдээ хамгийн багадаа 150–160 Ккал дулааны эрчим хүч хэрэглэдэг бөгөөд энэ жилийн хувьд хэрэглээ 163 Ккал цаг болж нэмэгджээ. Түүнчлэн дулааны эрчим хүчний эх үүсвэрүүдийн хүчин чадал суурилагдсан чадлаасаа 48–50 хувиар хэтэрч байгаа талаар өнөөдөр мэдээлсэн байна.





