Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадо пүрэв гарагт Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хаалттай уулзалт хийж, үдийн зоог барьжээ.
Уулзалтын дараа Д.Трамп Truth Social нийгмийн сүлжээн дэх хуудсандаа “Өнөөдөр Мария Корина Мачадотой уулзсан нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Тэр бол маш их зүйлийг туулсан гайхалтай эмэгтэй. Мария надад Нобелийн Энх тайвны шагналаа гардууллаа. Харилцан хүндэтгэл илэрхийлсэн гайхалтай сайхан үйл явдал боллоо. Баярлалаа, Мария” гэж бичжээ.
Мария Корина Мачадо Нобелийн Энх тайвны шагналаа АНУ-ын Ерөнхийлөгчтэй хуваалцахыг хүсэж байгаагаа өмнө нь мэдэгдэж байсан байна. Гэвч Нобелийн хороо уг шагналыг шилжүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн бөгөөд үүний үндэслэлийг “Нобелийн шагнал гардуулсны дараа шагналыг эргүүлэн авах, хуваалцах эсвэл өөр хүнд шилжүүлэх боломжгүй” гэж дүрэмд заасан байдлаар тайлбарлажээ.
Мачадо Венесуэлд ардчиллыг хамгаалахад хувь нэмэр оруулсныхоо төлөө Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн гэж мэдээлэв. Шагнал гардуулах ёслол 2025 оны 12 дугаар сард Ослод болсон бөгөөд шагналыг түүний өмнөөс охин Ана Корина Соса гардан авчээ.





