“Notting Hill”-ээс сэдэвлэсэн шинэ төсөлд Лиза тэргүүлнэ
“Blackpink” хамтлагийн гишүүн Лиса Netflix-ийн шинэ романтик инээдмийн кинонд гол дүр бүтээхээр албан ёсоор сонгогджээ. Төсөл нь 1999 онд гарсан алдарт “Notting Hill” киноны уур амьсгал, өгүүлэмжээс уран сайхны байдлаар сэдэвлэсэн зохиомжтой байх аж.
Энэхүү бүтээлээр Лиса зөвхөн гол дүрийн жүжигчнээр зогсохгүй, уран бүтээлч талаасаа илүү гүн оролцож, гүйцэтгэх продюсерын үүргийг зэрэг хүлээхээр болсон нь түүний дэлгэцийн карьерын хувьд шинэ шат нээгдэж буйг харуулж байна.
“The White Lotus”-ын багтай дахин нэгдэнэ
Шинэ кинонд “The White Lotus” цувралаар танигдсан продюсер Дэвид Бернадтай хамтран ажиллах бөгөөд хоёр тал өмнө нь тус цувралын зураг авалтын явцад нэг төслөөр нэгдэж байсан туршлагатай.
Deadline-ийн мэдээлснээр, Лиса болон Бернад нар “The White Lotus”-ын баг дээр хамт ажиллаж байхдаа романтик инээдмийн кинонд хоёулаа дуртай гэдгээ ярилцаж, түүнээс улбаалан энэ шинэ киноны эх санаа төрж, цааш хөгжсөн байна.
Шинэ ромкомын дэлгэрэнгүй агуулга, нэр, нээлтийн товыг одоогоор нууцалж байгаа ч Лисагийн анхны бүтэн хэмжээний гол дүр, продюсерын давхар үүрэг нь дэлхий даяарх шүтэн бишрэгчдийн хүлээлтийг мэдэгдэхүйц нэмэгдүүлээд байна.





