Нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 2026 онд хэрэгжүүлэх замын бүтээн байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэж, явган болон дугуйн замын сүлжээг өргөжүүлэх ажлыг эрчимжүүлэхээр боллоо. Энэ асуудлыг НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг Замын хөдөлгөөний удирдлагын төвд хэлэлцсэн байна.
Хуралдаанаар явган болон дугуйн замыг нэмэгдүүлэх, скүүтерийн хөдөлгөөнийг зохицуулах, авто зогсоолын менежментийг сайжруулах, замын аюулгүй байдлыг дээшлүүлэх зэрэг асуудлыг онцлон авч үзжээ.
НИТХ-ын дарга А.Баяр “Явган хүний замаас скүүтрийг бүрэн гаргах бодлого баримталж байна. Үүний хүрээнд авто замын нэгдүгээр эгнээгээр скүүтэр зорчих боломжийг бүрдүүлэх, тэмдэг, тэмдэглэгээг нэмж хийх боломжтой авто замыг судалж, шийдэл боловсруулах шаардлагатай. Тиймээс ирэх долоо хоногт Ажлын хэсгийнхэн иргэд скүүтрээр хаагуур хамгийн их явдаг, тухайн замаар зорчиход тулгардаг саад бэрхшээлтэй биечлэн танилцана. Амьдралд нийцэх шийдвэр гаргахыг зорьж байна” хэмээн мэдэгдсэн.
Энэ онд дүүргүүдийн саналыг үндэслэн нийт 94.1 км урт явган болон дугуйн зам шинээр байгуулахаар төлөвлөсөн байна. Үүнээс:
- Баянзүрх дүүрэгт — 18.2 км
- Сүхбаатар дүүрэгт — 29.8 км
- Чингэлтэй дүүрэгт — 12.5 км
- Баянгол дүүрэгт — 15.6 км
- Хан-Уул дүүрэгт — 13.9 км
- Сонгинохайрхан дүүрэгт — 4.1 км
Мөн скүүтерийг авто замын нэгдүгээр эгнээгээр зорчуулах зорилгоор Их тойруу доторх 31 гудамжинд тэмдэг, тэмдэглэгээ хийхээр төлөвлөжээ. Эдгээр замын өргөнийг дор хаяж 80 см байхаар тооцоолсон байна. Одоогоор ийм төрлийн 101.4 км замын сүлжээг иргэд ашиглаж байгаа талаар албаныхан мэдээлсэн.
Цаашид нийслэл дугуйн замын сүлжээг үе шаттайгаар өргөжүүлж, 2026-2028 онд зургаан дүүрэгт нийт 253 км шинэ зам барихаар төлөвлөсөн бөгөөд 2040 он гэхэд дугуйн замын нийт уртыг 1677 км хүргэх зорилт дэвшүүлжээ.





