Монгол Улсын гадаад валютын улсын нөөц 2026 оны нэгдүгээр улирлын эцсийн гүйцэтгэлээр 7 тэрбум 187.8 сая ам.долларт хүрч, түүхэн дээд түвшиндээ хүрлээ. Ингэснээр оны эхнээс хойш валютын нөөц 182.5 сая ам.доллараар нэмэгдсэн байна.
Энэхүү өсөлт нь улсын санхүүгийн тогтвортой байдлын хувьд чухал үзүүлэлт болж байгаа бөгөөд гадаад төлбөр тооцоо, импортын хэрэгцээг хангах чадамж сайжирсныг илтгэж байна. Тодруулбал, одоогийн валютын нөөц нь төлбөртэй барааны импортын 8.4 сарын хэрэгцээг, харин бараа болон үйлчилгээний нийлбэр импортын 5.6 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрчээ.
Мөн богино хугацаат гадаад өр төлбөрийг 275 хувьтай тэнцэх хэмжээнд хаах боломжтой болсон нь анхаарал татаж байна. Энэ нь олон улсад түгээмэл ашигладаг валютын нөөцийн хүрэлцээний үндсэн шалгуурыг Монгол Улс хангаж байгааг харуулж байна.
Ийнхүү гадаад валютын нөөц түүхэн дээд түвшинд хүрсэн нь эдийн засгийн гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдэж буй энэ үед Монгол Улсын төлбөрийн чадвар, санхүүгийн дархлаанд эерэг дохио болж байна.