Электрон бараанд нуусан 417 грамм метамфетаминыг гааль илрүүлэв

Гаалийн байгууллага, тагнуул болон цагдаагийн байгууллагын хамтарсан ажиллагааны хүрээнд 2026 оны дөрөвдүгээр сарын 18-нд Истанбул–Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Монгол Улсын иргэн сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар оруулахыг завдсан хэрэг илэрчээ.

Тухайн иргэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны конвенцын II хавсралтад багтдаг 417 грамм метамфетамин бодисыг электрон бараанд нуун далдалж, дагалдах тээшиндээ хийсэн байсан бөгөөд Чингис хаан олон улсын нисэх буудлын гаалийн хяналтын бүсэд рентген төхөөрөмжөөр шалгах үеэр илрүүлэн таслан зогсоосон байна.

Гаалийн байгууллагаас хэрэгт холбогдох яаралтай ажиллагааг явуулсны дараа материалыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албанд шилжүүлжээ. Одоогоор уг хэргийг прокурорын хяналтын дор мөрдөн шалгаж байгаа аж.

Сүүлийн үед мансууруулах бодисыг санаатайгаар тээвэрлэхээс гадна бусдын дайвар ачаа хэлбэрээр авч явах, мөн энгийн хэрэглээний бараанд нуун далдлах аргыг түгээмэл ашиглах болсон байна.

Иймээс гадаад улс руу зорчих болон гадаадаас ирэх үедээ танихгүй, эсвэл бүрэн итгэх боломжгүй хүнээс дайвар ачаа авахгүй байх, өөрийн тээш болон ачаан доторх зүйлсийг сайтар шалгах, хариуцлагаа ухамсарлах шаардлагатайг гаалийн байгууллагаас анхааруулжээ. Энэ нь ийм төрлийн гэмт хэрэгт холбогдох эрсдэлээс урьдчилан сэргийлэх чухал алхам болохыг мөн онцолсон байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу