“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн тэмцээний бэлтгэл, гүйлтийн маршрут, мөн тавдугаар сарын 23-нд хаах авто замуудын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Энэ хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний 53 чиглэлд, нийт 483 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өөрчлөлт орохоор болжээ.
Гол замууд хаагдаж, нийтийн тээвэр Их тойруугаар явна
Албаныхны мэдээлснээр Энхтайвны өргөн чөлөө, Нарны зам, Дүнжингаравын зам болон эдгээр замтай хойд, урд талаасаа холбогддог гудамж, замууд хаагдах тул нийтийн тээврийн чиглэлүүдэд түр зохицуулалт хийхээр болсон байна. Үүнтэй холбоотойгоор гол урсгалын чиглэлүүдийг Их тойруу руу шилжүүлэн хөдөлгөөнд оролцуулах аж.
Иймээс Их тойруугийн авто зам дээр ачаалал болон зорчих урсгал мэдэгдэхүйц өсөх төлөвтэй байгаа юм. Авто замын хөдөлгөөнийг 06:00-18:00 цагийн хооронд түр хязгаарлах тул иргэдийг зорчих чиглэлээ урьдчилан төлөвлөх шаардлагатай нөхцөл үүсэж байна.
“Улаанбаатар марафон” олон улсын албан ёсны зэрэглэлтэй боллоо
Энэ жилийн марафоны замыг Азийн хөнгөн атлетикийн холбооны мэргэжилтнүүд ирж хэмжсэн бөгөөд Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос албан ёсны гэрчилгээ олгосноор “Улаанбаатар марафон” нь олон улсын зэрэглэлтэй тэмцээн болж бүртгэгдсэн байна.
Тэмцээн энэ жил нийт долоон төрөлтэйгээр явагдах бөгөөд зай тус бүрт оролцогчдын насны ангиллыг дараах байдлаар тогтоожээ.
- 42 км 195 м, 21 км 095 м – 18-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй тамирчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд
- 10 км – 18-аас дээш насны бүх оролцогч
- 5 км – 12-17 насны өсвөр үеийнхэн болон 18-аас дээш насныхан
- 1500 м – хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон гэр бүлийн гүйлтийн төрөл
- 500 м, 800 м – Тусгай олимпын ангилал
Бүртгэл үргэлжилж, 11 мянга гаруй хүн аль хэдийн оролцохоор бүртгүүлжээ
“Улаанбаатар марафон-2026” тэмцээний бүртгэл 2026 оны гуравдугаар сарын 9-нөөс эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 1 хүртэл үргэлжлэх юм байна. Одоогийн байдлаар 11 мянга гаруй тамирчин бүртгүүлээд байгаа нь энэ жилийн тэмцээн өндөр оролцоотой болохыг харуулж байна.