“Хотын дарга ажлаа өгөх ёстой”: Туулын хурдны замын асуудал улам хурцдав

Ч.Лодойсамбуу: 500 тэрбум төгрөгийн асуудлыг хууль хяналтын байгууллага шалгах ёстой

Ардчилсан намаас өнөөдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурлаа зохион байгууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд ороод буй Туулын хурдны замын төслийн талаар байр сууриа илэрхийлэв.

Түүний хэлснээр, уг төслийг эсэргүүцэх олон шалтгаан байгаа бөгөөд энэ асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах саналд одоогоор 40 гаруй гишүүн гарын үсэг зурсан байна. Гэвч түр хороо байгуулах ажил саарч, буцах хандлагатай болсон гэж тэр үзэжээ.

Ч.Лодойсамбуу эрх баригч намынхан ийм нөхцөлд эхлээд хүчтэй байр суурь илэрхийлдэг ч нөгөө тал нь буулт хийвэл хоорондоо тохиролцож эхэлдэг, харин эсэргүүцвэл зөрчил улам ширүүсдэг хэмээн шүүмжилсэн байна. Түүний хэлснээр, хянан шалгах түр хороо байгуулахаар явж байсан гишүүд ч уг ажлаасаа ухрах шинжтэй болжээ.

Мөн тэрээр сүүлийн үед төрийн асуудлууд эхлээд сошиал орчинд үнэн, худал нь тодорхойгүй байдлаар цацагдаж, дараа нь түр хороо байгуулах хэлбэрээр өрнөдөг болсон гэж мэдэгдэв. Ингэснээр хууль, шүүхийн байгууллагаас өмнө асуудлыг “сошиалын шүүхээр” оруулдаг буруу жишиг тогтож байна гэж үзжээ.

Түүний байр сууриар бол, хэрэв мэргэжлийн байгууллага, хууль сахиулах болон мөрдөн шалгах байгууллагууд үнэхээр үүргээ гүйцэтгэж байгаа бол Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж, төсвийн 500 тэрбум төгрөгийг үрэн таран хийсэн байж болзошгүй гэх энэ асуудлыг шалгах ёстой аж.

Ч.Лодойсамбуу Туулын хурдны замын төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй БНХАУ-ын “China Hyway Group Limited” компанид урьдчилгаа мөнгө шилжүүлсэн санхүүгийн баталгааны хуудас байгаа гэж мэдэгдсэн. Түүний тайлбарласнаар, тухайн баталгааг үндэслэн “энэ төслийг хэрэгжүүлэх боломжтой” гэж үзэж, шийдвэр гаргасан бололтой. Гэвч уг баримтыг санхүүгийн анхан шатны мэдлэгтэй хүн харахад л Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн нь илт байна гэж тэр хэлжээ.

Тэрээр ийм баталгааны хуудсыг үндэслэн төсвийн хөрөнгөөс 500 тэрбум төгрөг шилжүүлсэн нь “бүлэг залилангийн шинжтэй гэмт хэрэг” гэж үзэж байгаа бөгөөд энэ асуудлыг хууль сахиулах байгууллагууд шалгах ёстой гэж шаардав.

Хотын дарга болон холбогдох албан тушаалтнууд хариуцлага хүлээх ёстой гэв

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу уг асуудалд зөвхөн НЗД-ын орлогч Т.Даваадалай бус, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар ч хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдлээ.

Тэрээр “Мөн хотын дарга өөрөө сайн дураараа ажлаа өгөх ёстой” гэж хэлсэн байна. Харин одоо Т.Даваадалай гэх орлогч даргаа урдаа гаргаж, тэр хүн нь хамгаалалт болж, ажлаа өгөх гэж байгаа мэт дүр зураг харагдаж байна хэмээн шүүмжилжээ.

Ч.Лодойсамбуугийн хэлснээр, хууль сахиулах байгууллагууд мөрдөн шалгах ажиллагаагаа хангалттай явуулахгүй, шүүх байгууллага ч цаг тухайд нь тодорхой, шударга шийдвэр гаргаж чадахгүй байгаа нь олон нийтийн итгэлийг алдагдуулж байна. Үүний улмаас хэвлэл мэдээлэл болон иргэд аль мэдээлэл үнэн, аль нь худал болохыг ялгахад бэрх болж, эцэстээ хүмүүс хэнд итгэхээ мэдэхгүй нөхцөлд хүрчээ.

Тэрээр энэ асуудалд “цагаан дээр хараар” хууль зөрчсөн баримт байгаа гэж үзэж, нэмэлт тайлбар шаардлагагүй хэмээн онцолсон байна. Түүний хэлснээр, тайлбарыг хэн ч өгч болох ч түүнд итгэх эсэх нь олон нийтийн сонголт. Харин баримт бол сонголтоор өөрчлөгдөх зүйл биш бөгөөд хууль ч мөн адил сонголтоор хэрэгждэг зүйл биш гэжээ.

Иймээс Т.Даваадалайгаас гадна НЗД Х.Нямбаатар уг асуудалд хариуцлага хүлээх ёстой гэж тэр мэдэгдэв. Учир нь Х.Нямбаатар энэ хэмжээний мөнгөний эрх мэдлийг олгож, Туулын хурдны замын төслийг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлсэн гэж Ч.Лодойсамбуу үзэж байна.

Мөн энэ бүхнийг харсаар байж чимээгүй өнгөрсөн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ч давхар хариуцлага хүлээх ёстой гэж тэр байр сууриа илэрхийлжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу