Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж, тэтгэврийн зээлд өр, орлогын харьцааг 50/50 байхаар тогтоосон нь олон ахмад иргэний бухимдлыг төрүүлээд байна. Уг шийдвэрийг эсэргүүцсэн ахмадууд өнөөдөр Монголбанкны байрын гадаа цуглаж, өөрсдийн шаардлагыг илэрхийлж жагсаал хийлээ.
Жагсагчдын төлөөлөл өөрийн байр сууриа ийн илэрхийллээ:
“Би нэг сая төгрөгийн тэтгэвэр авдаг. Өмнө нь банк надад 36 сарын хугацаатай тэтгэврийн зээл өгдөг байсан. Гэтэл одоо нөхцөл хумигдаж, бүх зүйл маань зогсонги байдалд орлоо. Би ганцаараа биш, аж ахуй эрхэлж байгаа олон ахмад мөн адил хүнд нөхцөлтэй тулгараад байна. Монголбанк судалгаагүйгээр ингэж шийдвэр гаргах нь бидний амьдралд шууд сөргөөр нөлөөлж байна. Бид тэтгэврээ нэм гэж шаардаагүй. Харин тэтгэврийн зээлээ бүтэн хэмжээгээр, урт хугацаатай, бага хүүтэй болгоод өгөөч гэж төрөөс хүсэж байна.”
Ахмадууд Монголбанкны зүгээс гаргасан энэхүү бодлого нь ахмад үеийн амьжиргаанд ноцтой дарамт учруулж байгааг онцолж, төр засаг, УИХ-ын гишүүдийг анхаарлаа хандуулж, холбогдох байгууллагуудтай уулзалт хийж, зохих арга хэмжээ авахыг шаардлаа.
Мөн жагсагчид Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн өмнө нь хэлсэн “Ахмадын тэтгэврийн зээлийг тэглэснээс болж Монголбанк өрөнд орсон” гэх мэдэгдэлд эрс эсэргүүцэл илэрхийлж, “Бид хэзээ ч тэтгэвэр тэглүүлээч гэж гуйгаагүй” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.