17.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Ахмадууд тэтгэврийн зээлийн 50/50 журам цуцлагдаж, 100 хувь олгогдохыг шаардав

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны баталсан тэтгэврийн зээлийн 50/50 өр-орлогын харьцааны журам ахмад настнуудын эсэргүүцэлтэй тулгараад байна. Энэ журам нь ахмадуудын амьдралд хүндээр тусаж буйг тэд онцолж, төр засагт хандан албан ёсны шаардлага гаргасан байна.

Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд болсон хэвлэлийн хурлаар ахмад настнууд 10 гаруй хоногийн турш төрийн ордны баруун хаалганы дэргэд зохион байгуулж буй чимээгүй суултаа зогсоохгүй хэмээн мэдэгдлээ.

Ахмадуудын хэлж буйгаар:

“Тэтгэвэр бол бидний амьдрах баталгаа. Харин шинэ журам биднийг хоёр дахин өрөнд унагаж байна. Зээл гэдэг нь бидний сонголт биш, харин гарцаагүй байдал. Бид түлээ нүүрс, эмчилгээний зардалдаа зээл авч байна. Гэвч Монголбанк ахмадын зовлонгоор банкуудад ашиг өгч байна” гэж нэгэн ахмад онцлов.

Хэвлэлийн хурлын үеэр ахмадууд дараах 8 гол шаардлагыг тавьсан юм:

Өр-орлогын 50/50 журам-ыг нэн даруй хүчингүй болгож, 100 хувь хүртэл зээл авах боломжийг хангах;

Монголбанк бодлогоо ахмадуудын бодит амьдралд нийцүүлэх;

Давхар хүүгийн тооцоог ил тод болгох, шударга хүүгийн дээд хязгаар тогтоох;

Монголбанк тэтгэврийн бодлогын хариуцлагаа хүлээх;

Банкуудын ашиг биш ард түмний хэрэгцээнд нийцсэн зээлийн шинэ тогтолцоо бий болгох;

Ахмадуудтай шууд уулзаж, санал солилцох хүртэл асуудлыг нээлттэй байлгах;

Тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгах, хүүг бууруулах нөхцөл бүрдүүлэх;

Өмнөх зээлээ төлсний дараа л дахин зээл өгдөг нөхцөлийг халах.

Ахмадуудын зүгээс тэтгэвэр нэмэх эсвэл зээл тэглэхийг шаардаагүй бөгөөд зөвхөн шударга ёс, амьдралд нийцсэн бодлогыг хүсэж буйгаа илэрхийлсэн юм.

Одоогоор 1,000 гаруй ахмадын гарын үсгийг цуглуулаад байгаа бөгөөд цахимаар гарын үсэг цуглуулах ажиллагаа үргэлжилж байна. Мөн нэгэн ахмад:

“Төр засаг наадмын нэрээр амралтад орж, асуудлыг намар хүртэл хойшлуулах вий. Хэрэв 7-р сарын 4 гэхэд бидний асуудлыг шийдэхгүй бол Даваа гарагаас тэмцлийн хэлбэрээ өөрчилнө” хэмээн анхаарууллаа.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here