Айчи-Нагоя 2026-ын арын албанд Монгол оюутан ажиллаж байна

Японд үргэлжилж буй Айчи-Нагоя 2026 Азийн наадмын зохион байгуулалтын ард олон мянган хүн ажиллаж байна. Наадмын үйл ажиллагаанд 28 мянга орчим сайн дурын ажилтан оролцож байгаа бөгөөд үүнээс гадна төрөл бүрийн байгууламж, үйлчилгээний хэсэгт цагийн ажилтнууд ажиллуулж байгаа аж.

Боксын тэмцээн зохион байгуулагдаж буй “Нишио” спортын ордонд Монгол Улсын оюутан М.Энхтуяа наадмын арын албанд цагийн ажилтнаар ажиллаж байна.

Тэр Японы Засгийн газрын тэтгэлгээр Нагоя технологийн их сургуульд архитектур, хот төлөвлөлтийн чиглэлээр суралцдаг аж. Монголд архитектурын бакалаврын хөтөлбөрөөр суралцаж эхэлсэн бөгөөд 2+2 хөтөлбөрийн хүрээнд сургалтынхаа сүүлийн хоёр жилийг Монгол, Японы хамтарсан хөтөлбөрөөр үргэлжлүүлжээ.

Нагоя хотод амьдраад нэг жил болж буй М.Энхтуяа эхэндээ Азийн наадмын талаар төдийлөн мэдээлэлгүй байсан гэнэ. Харин Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ багийн тэмцээний талаарх мэдээлэлтэй танилцсанаар наадмыг илүү сонирхож эхэлсэн байна.

Үүний дараа тэр Айчи-Нагоя 2026 наадмын үеэр ажиллах цагийн ажилтны сонгон шалгаруулалтад материалаа өгч, тэнцсэнээр албан ёсны дэлгүүрт ажиллах боломжтой болжээ. Тухайн үед тэр ажлынхаа хоёр дахь өдрийг өнгөрүүлж байсан байна.

М.Энхтуяа Азийн наадамд ажиллаж буй сэтгэгдлээ хуваалцахдаа:

“Монголын гурван тамирчин медалийн төлөө тоглож байгаа энэ зааланд, тэдний хажууханд ажиллаж, наадмын үйл ажиллагаанд нэгдэн, тусалж байгаадаа баяртай байна. Түүгээр зогсохгүй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон монгол тамирчид, монгол ах, эгч нартайгаа өнөөдөр боксын тамирчдадаа урам зориг өгөхөөр ирэхэд нь таарч уулзан, цөөн хором ярилцсандаа баяртай байна. Ерөнхий сайдтай хамт зургаа даруулж, сурлагын амжилт хүссэнд маш их баярласан”

хэмээн ярьжээ.

Ийнхүү Японд суралцаж буй М.Энхтуяа зөвхөн хичээл, сургалтаа үргэлжлүүлээд зогсохгүй Азийн хэмжээний томоохон спортын наадмын зохион байгуулалтын нэг хэсэг болж, Монголын тамирчдаа ойроос дэмжих боломжтой болжээ.

Түүний хувьд Айчи-Нагоя 2026 нь зөвхөн цагийн ажил биш, олон улсын том тэмцээний уур амьсгалыг дотроос нь мэдэрч, зохион байгуулалтын бодит туршлага хуримтлуулах онцгой боломж болж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу