Өчигдөр болсон МАН-ын Бага хурлын үеэр “гэрээг зөрчсөн улс төрийн намыг хамтарсан Засгийн газраас гаргана” гэсэн шийдвэр гарсан нь улс төрийн хүрээнийхний анхаарлыг татаж байна. Хэдий тодорхой нэр заагаагүй ч уг шийдвэр АН-ыг чиглэсэн нь тодорхой бөгөөд энэ нь тус намын зарим гишүүдийн эсэргүүцлийн жагсаалд оролцсон үйлдэлтэй холбоотой хэмээн тайлбарлагдаж байна.
Ийм нөхцөлд Ардчилсан намын (АН) гишүүдийн байр суурь анхаарлын төвд орж, тэд МАН-ын шийдвэрийг ил тод шүүмжилжээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
“Инээдтэй зүйл ярьж байна л даа. 100 жил болсон намын хариуцлагатай хүмүүс цуглараад тиймэрхүү сонин юм ярьж болохгүй. Үндсэн хуульд заасан эрхийнхээ хүрээнд залуучууд талбай дээр цуглаж, зүй ёсны шаардлага тавьж байхад иргэн хүнийхээ болон УИХ-ын гишүүний хувиар очилгүй яах вэ. Залуусын үгийг сонсож, үзэл бодлоо илэрхийлсэн. Гэтэл үүнийг байж болохгүй гэж байгаа нь тэр намыг болохоо байсан гэдэг дүгнэлт хийхэд хүргэж байна.”
Мөн тэрбээр 2024 оны сонгуулийн үр дүнд МАН дангаараа засаг байгуулах хэмжээний суудал (68) авсан учраас хамтарсан засгийн шаардлага байгаагүй хэмээн дурдсан байна.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
“Хамтарсан Засгийн газрын гэрээг хараагүй. Тэр гэрээнд УИХ-ын гишүүн үг, үзэл бодлоо илэрхийлж болохгүй, санал нийлэхгүй асуудлаа шүүмжилж болохгүй, огцруулах санал гаргаж болохгүй гэсэн үг, өгүүлбэр байгаа эсэхийг мэдэхгүй байна. Тэгэхээр АН гэрээний ямар заалтыг зөрчсөнийг гаргаж ирэх байх.”
Тэр мөн улс төрийн хариуцлагыг зөвхөн АН-д тохож байгаа нь шударга бус хэмээн байр сууриа илэрхийлээд:
“АН хэн нэгэнд үнэтэй цүнх өгөөгүй, хэн нэгнийг нисдэг тэргээр авч давхиагүй. Ерөнхий сайдын хүүгийн асуудалд АН ямар ч хамаагүй. Энэ асуудал иргэдийн дургүйцлийг асар ихээр хүргэсэн. Тэгээд жагсаал цуглаан зохион байгуулагдсан. Тэгэхээр юунаас болж, яасан гэдгээ санах хэрэгтэй” гэжээ.
МАН-ын энэхүү шийдвэр, түүний дагасан улс төрийн уур амьсгал цаашид хэрхэн өрнөх нь тодорхой бус байгаа ч АН-ын гишүүд ийнхүү ил тод байр суурь илэрхийлж, эрх баригчдад хариуцлага сануулсан мэдэгдэл хийснээр улс төрийн маргаан даамжрах шинжтэй байна.