АНУ-ын Төрийн сан тус улсын тусгаар тогтнолын 250 жилийн ойг (1776–2026) тэмдэглэх хүрээнд Дональд Трампын дүртэй нэг долларын зоосны төслийг танилцуулсан талаар мэдээллээ.
Трампын дүр бүхий онцгой загвар
Зоосны урд талд Трампыг хажуу талаас нь дүрсэлж, дээр нь “Liberty” (чөлөөлөлт) гэсэн үг болон “1776–2026” гэсэн он цагийн тэмдэглэгээ байршсан байна.
Харин ар талд нь Трамп баруун гараа атгасан байдлаар дүрслэгдэж, ард нь АНУ-ын туг намирч буй бөгөөд “fight, fight, fight” (тэмц, тэмц, тэмц) гэсэн уриа бичигдсэн байна.
Эдгээр үг нь Трамп Пенсильвани мужид сонгуулийн кампанит ажлын үеэр амь насыг нь хөнөөхийг завдсан халдлагад өртсөний дараа хэлсэн үг гэдгээрээ түүхэн утгатай болжээ.
Улс төрийн маргаан дэгдээв
Тус зоосны загварыг танилцуулсны дараа АНУ-д улс төрийн маргаан өрнөсөн байна. Учир нь 2020 онд батлагдсан хуулиар тусгаар тогтнолын 250 жилийн ойд зориулсан тусгай дурсгалын зоос гаргах эрх олгосон ч хуульд улс төрийн тод өнгө аястай дүрслэл ашиглах тухай тусгагдаагүй аж.
Төрийн сангийн төлөөлөгчийн тайлбарласнаар, уг төсөл нь “Америкийн ардчилал хүнд сорилтыг даван туулж чаддагийг харуулах” гэсэн бэлгэдэлтэй бөгөөд одоо бол зөвхөн төсөл байдлаар явагдаж байгаа гэнэ.
Эцсийн шийдвэр хараахан гараагүй
Төрийн сан болон Цагаан ордон уг загварыг албан ёсоор батлаагүй, эцсийн хувилбарыг олон нийтийн оролцоотойгоор хожим танилцуулах ажээ.
