Одоо гурван сарын дараа АНУ, Канад, Мексикт хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх гэж байна. Гэвч АНУ, Израилийн зэвсэгт хүчнүүд Ираны нийслэл Тегеран болон бусад хотуудад агаараас довтолж эхэлсэн тухай мэдээлэл гарсантай зэрэгцэн Ираны эрэгтэй шигшээ баг тэмцээнд оролцох эсэх нь эргэлзээтэй нөхцөлд оржээ.
Ираны шигшээ өмнө нь ДАШТ-д зургаан удаа оролцож байсан бөгөөд 2014 оноос хойш дараалан гурван тэмцээнд багтсан тогтвортой амжилттай. Энэ удаад ч мөн эрхээ аваад байгаа бөгөөд “G” хэсэгт Бельги, Египет, Шинэ Зеландтай нэг хэсэгт тоглохоор хуваарьлагджээ. Тус хэсгийн тоглолтууд ирэх зургаадугаар сарын 15-наас 26-ныг дуустал АНУ-ын Сиэтл хотод болохоор товлогдсон байна.
Оролцох эсэх дээр Ираны тал болгоомжлов
Өнгөрсөн зун АНУ-ын цэргийн хүчин Ираны гурван цөмийн байгууламжийг бөмбөгдсөн ч иранчууд тэмцээнээс гараагүй талаар мэдээлэгдэж байв. Харин энэ удаагийн нөхцөл байдлыг илүү ноцтой гэж үзэж байгаа тухай Ираны Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн мэдэгдэн, тамирчдаа “дайсны нутагт” явуулах эсэхдээ эргэлзэж байгаагаа илэрхийлжээ.
Энэ талаар Мехди Таж орон нутгийнхаа телевизэд өгсөн ярилцлагадаа “АНУ-ын халдлагаас болоод бид ДАШТ-д оролцох эсэх нь эргэлзээтэй байна. Энэ асуудлаар манай улсын спортын асуудал хариуцсан удирдлагууд шийдвэрээ удахгүй гаргах байх” гэсэн юм.
Мөн Ираны Дээд удирдагч Аятолла Хаменеи алагдсаны дараа тус улсын улс төрийн нөхцөл байдал тодорхойгүй болсон тул цаашдын явцыг таамаглахад бэрх гэж мэдээлэлд дурджээ.
FIFA аюулгүй байдалд төвлөрч, Ираныг оролцоно гэж найдаж байна
Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) нөхцөл байдал хурцадсан ч Ираныг ДАШТ-д оролцоно гэж найдаж байгаа аж. Тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Маттиас Графстрём “ДАШТ-д оролцогчдын аюулгүй байдлыг хангахад бид бүх анхаарлаа хандуулж байна” гэв.
Иран орхивол эрх хэнд шилжих тухай таамаг гарчээ
Иран тэмцээнд оролцохгүй бол Азийн бүсээс өөр баг оролцуулах хувилбар яригдаж эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор FIFA-ны удирдах түвшний эх сурвалжуудаас тодруулахад Ирак эсвэл Арабын Нэгдсэн Эмират Улсын аль нэгэнд эрх шилжих боломжтой гэх таамаг дурдагджээ.
Мэдээлэлд дурдсанаар Ирак энэ сарын 31-нд Болив, Суринам хоёрын хожсонтой нь нэмэлт эрхийн төлөө өрсөлдөнө. Түүнчлэн уг тохиолдолд эрх шилжүүлэх хувилбарын талаар янз бүрийн хувилбар яригдаж байгаа бөгөөд Арабын Нэгдсэн Эмират Улс урьдчилсан шатны тавдугаар тойрогт Иракт 2:3-аар дийлдсэн тухай ч тэмдэглэжээ.





